Өрөг.мн сайт шинэ оныг угтаж "Талархал" контентоо хүргэж байна. Энэ контентоороо дамжуулан 2022 онд тохиосон гэрэл гэгээтэй амжилтууд, баярлаж талархах шалтгааныг онцлон хүргэж байгаа юм. Энэ удаагийн зочноор "Ургана" брэндийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Чанцалдулам оролцлоо.
Тэрээр, “Ургана компани, Ургана брэнд энэ жил маш амжилттай ажиллалаа. Бид үсний сэт бүтээгдэхүүн болох үс ургуулах тоник, халгайн үрийн тос, шампунь, ангижруулагч болон үс ургуулах хоёр төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүний технологи боловсруулж, үйлдвэрлэн, зах зээлд нийлүүллээ.
Хамгийн онцлох зүйл нь Дэлхийд анх удаа аарцтай шүдний ОО-ны технологи боловсруулж, ТЭСО компанийн хуурайшуулсан аарцыг анх удаа дэлхийн ОО-ны зах зээлд Ургана брэнд нэвтрүүлж, аарцтай ОО хийлээ. Мөн вокны зах зээлд ноолуур угаадаг технологийг боловсруулж дууслаа. Ноолуурын том компаниуд маш их мөнгийг гадаад руу ноолуур угаах шингэн авахад зарцуулдаг. Үүнийг эх орондоо үйлдвэрлэх боломж бүрдэж байгаа нь 100 хувь Монгол гарал үүсэлтэй бүтээгдэхүүн бий болгох боломжтой болж байна.
Монголд амьдарч байгаа хамгийн талархууштай зүйл нь олон жилийн түүхийн нугачаатай үеийг даван туулж, уламжлалт анагаах ухааны жор, дамжлага, өв их соёлыг тээж ирсэн өвөг дээдэс болон уламжлалт анагаах ухааны эрдэмтэн мэргэддээ маш их талархаж явдаг.
Манай улсад маш их орон зай сул байна. Хувийн бизнес хийхэд, энтрепренер болж, старт-ап компани байгуулахад маш тохиромжтой орчин бий болсон байна.
Монголд хэдийгээр түгжрэл, стресс зэрэг болж бүтэхгүй зүйлс их байгаа боловч энэ бол “Туулах замаар олж авсан мэдлэгийг туршлага” гэдэг шиг бидний туулах ёстой нэг зам гэж боддог. Үүнийг бид аль болох эх орноосоо дайжихгүй, эх орноо хаяхгүй даван туулчихвал эргээд биднийг сайхан ирээдүй хүлээж байгаа гэж боддог.
Ирж буй 2023 он бол туулай жил. Маш сайхан он жил болно гэж итгэж, найдаж байна. Монгол хүн хамгийн гол нь эрүүл энх, эв найртай, элбэг баян, энх тунх сайхан элэг бүтэн амьдрах болтугай гэж ерөөе” гэв.