Дэлхийн гурван удаагийн аварга, “Хөлбөмбөгийн хаан” Пеле 82 насандаа таалал төгслөө.
Тэрбээр бөөр, зүрхний дутагдалтай, бүдүүн гэдэсний хорт хавдартай гэж оношлогдон, өнгөрсөн сарын 29-нд эмнэлэгт хэвтсэн.
Түүний бүдүүн гэдэсний хорт хавдрын хими эмчилгээ нь хүссэн үр дүнгээ өгөхөө больсон тул эмчилгээг нь зогсоогоод байсан юм.
Пеле дэлхийн аваргад гурван удаа (1958, 1962, 1970 онд) түрүүлсэн түүхэн дэх цорын ганц хөлбөмбөгчин.
Тэрбээр Бразилын шигшээ багийнхаа төлөө 1957-1971 онуудад 92 тоглолтонд оролцож 77 гоол оруулсан. Түүний рекордыг 50 гаруй жилийн дараа Неймар давтсан юм.
Пеле Бразилийн "Сантос" багт тоглож “Копа Либертадорес”, Тив хоорондын цомын тэмцээнд хоёр удаа (1962, 1963 онд) түрүүлсэн.
Түүний бичсэн "Хөлбөмбөг ба миний амьдрал" номыг уншихын тулд 50 сая гаруй хүн бичиг үсэг сурсан гэдэг.
FIFA-гийн Хөлбөмбөгийн Комисс, World Soccer, France Football сэтгүүлээс Пелег 20 дугаар зууны шилдэг хөлбөмбөгчин, ОУОХ-ноос 20 дугаар зууны шилдэг тамирчнаар нэрлэсэн юм.