Хуурай, сэрүүн улиралд арьс чийгээ алдаж, хуурайших нь элбэг байдаг. Арьсныхаа хэв шинжийг мэдэж, өөрт тохирох чийгшүүлэх бүтээгдэхүүнээ сонгож, усанд орсныхоо дараа гурван минутын дотор түрхэж, хэрэглэх нь арьсны хуурайшилтаас сэргийлдэг байна. Тэгвэл өөрт тохирсон чийгшүүлэгч тосоо хэрхэн зөв сонгох талаар “Үлэмж клиник”-ийн арьс, гоо заслын эмч Г.Золзаяагийн зөлвөгөө мэдээллийг хүргэж байна.
Арьсны хуурайшилт ямар төрлийн арьстай хүнд тохиолддог вэ?
Өвлийн улирал эхлэхээр илүү хуурай, хүйтэн сэрүүн уур амьсгалтай болно. Ус гадаад орчинд их хэмжээгээр ууршсантай холбоотой арьсны чийг алдалт ихсэж, хуурайшилт үүсдэг. Хуурайшилт нь арьсны ямар ч хэв шинжтэй хүнд тохиолдож болно. Тослог арьстай хүмүүс тос ялгарч байгаа учраас тос түрхэхгүй гэдэг ойлголтууд байдаг. Тослог арьстай ч чийг дутагдсанаас болж арьс хуурайших тохиолдол байдаг.
Арьсны хуурайшилтад нөлөөлдөг гол хүчин зүйлс нь юу вэ?
Үүнийг ярихын тулд хуурай арьс, арьсны хуурайшилтын талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй.
Хуурай арьс, арьсны хуурайлшилт хоёр нь хорондоо ялгаатай. Хуурай буюу dry skin нь арьсны хэв шинж бөгөөөд энэ нь арьсанд тос дутагдсан гэсэн үг юм. Харин хуурайшсан арьсанд ус буюу чийг дутагддаг. Энэ нь түр зуурын өөрчлөлт учраас тослог арьстай хүнд ч тохиолдож болох асуудал. Арьс хуурайшихад гадаад болон дотоод орчин нөлөөлдөг. Гадаад орчны хүчин зүйлс нь агааржуулалт хэт халуун эсвэл хэт хүйтэн байх. Хэт их нүүрээ угааж, гуужуулах, нойр бага авах зэрэг байна.
Хуурайшилтаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Арьсны хуурайшилт хүн бүрд тохиолдож байгаа учраас чийгшүүлэх тосыг өдөр бүр, өглөө, оройд түрхэх шаардлагатай. Усанд орсноосоо хойш гурван минутын дотор хурдан хугацаанд арьсаа чийгшүүлж, тос түрхэх хэрэгтэй байдаг. Ингэснээр таны сонгосон чийгшүүлэгч тос илүү өндөр ач холбогдолтой байж, үр дүн илүү сайн байна.
Чийгшүүлэгч бүтээгдэхүүнээ хэрхэн зөв сонгох вэ?
Арьсны хэв шинжээс хамаарч чийгшүүлэх тосоо зөв тохирох бүтээгдэхүүнээ сонгож хэрэглэх нь илүү ач холбогдол өндөртэй байна.
Чийгшүүлэгч тосыг Humectant, Emollient, Occlusive гэсэн гурван төрөлд хуваан үздэг.
- Humectant гэдэг нь арьсны гадаргууд усыг татдаг чийгшүүлэгч бүтээгдэхүүнүүд. Гадаад орчин болон арьсны гүнээс арьсны гадаргууд ус татсанаар арьсыг илүү зөөлөн булбарай, үрчлээгүй, толигор болгодог. Үүнд бидний сайн мэдэх гиалуроны хүчил, глицерин, алое вера, уреа зэрэг найрлагууд ордог. Эдгээр найрлагууд нь бүх төрлийн арьстай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Арьсны нүх сүв бөглөхгүй, хурдан шингэдэг учир батгатай болон холимог, тослог арьстай хүмүүст илүү тохиромжтой.
Усан бүтэцтэй эссенс, гель, серум, гелен чийгшүүлэгч зэрэг хэлбэртэй байдаг.
- Emollient. Эдгээр чийгшүүлэх тос нь арьсны нүх, завсруудыг бөглөж, арьсны гадаргууг жигд болгосноор ус ууршихаас сэргийлж, арьсыг чийгшүүлдэг. Үүнд, ойл хэлбэрийн тоснууд ордог. Shca butter болон cocca butter, церамин, jojona oil, propylene glycol зэрэг тосны хүчлүүд ордог. Эдгээр нь арьсны баррейр хоригийн үйл ажиллагааг дэмжиж, арьсанд чийгийг түгжиж, арьсыг ус, чийг алдахаас сэргийлдэг. Хуурай арьсны хэв шинжтэй хүмүүс хэрэглэхэд илүү тохиромжтой. Ихэвчлэн ойл хэлбэртэй байдаг.
- Occlusive. Энэ нь арьсны гадаргууд бүрхүүл үүсгэдэг. Тухайн бүрхүүл нь ус ууршихаас сэргийлж, арьсыг чийгтэй байлгадаг. Ихэвчлэн ланолин суурьтай бүтээгдэхүүн орно. Мөн вазелин буюу petroleum jelly, минерал ойл, диметикон зэрэг найрлага үүнд багтдаг. Эмзэг мэдрэмтгий, хэт хуурай арьстай эсвэл атопийн дерматит, экзем зэрэг арьсны өвчтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой байдаг. Ихэвчлэн балм, крем, өтгөн тосон бүтэцтэй байдаг.
Холимог, тослог арьстай хүн хэрэглэх эсвэл арьсандаа хэт зузаан түрхсэн тохиолдолд нүх сүвийг бөглөж, батга гарах эрсдэлтэй.
Бидний хэрэглэж байгаа бүх бүтээгдэхүүний найрлага нь заавартайгаа байдаг. Найрлагад нь дунджаар 10-20 төрлийн бодис байдаг. Бүгдийг нь харахад төвөгтэй байдаг. Гэхдээ гол орцууд нь ихэвчлэн дундаас хойш байдаг. Өөрийн арьсанд тохирох чийгшүүлэгч сонгохдоо арьсны төрөл, арьсны одоогийн нөхцөл байдал, цаг агаар, гадаад орчны нөлөө зэрэг олон хүчин зүйлсийг харгалзан үзэж, сонголтоо хийгээрэй.
Зөвлөгөө мэдээлэл өгсөнд баярлалаа. Амжилт хүсье.