Өнгөрсөн сарын 12-30-ны өдрүүдэд Performance night буюу үйл хөдлөлөөр дагнасан урлагийн арга хэмжээ манайд анх удаа болж өндөрлөлөө. Зүүн арт олон улсын урлагийн солилцооны хөтөлбөрийн хүрээнд болсон энэхүү үйл явдал нь Хөх нар төвийн үзэсгэлэнгийн танхимд урлаг, үзвэрийн тайлангаа тавьсан юм.
Бид арга хэмжээний үеэр үйл хөдлөлийн урлаг гэж чухам юу болох талаар уран бүтээлч залуусаас дараах мэдээллийг авлаа.
Энэ талаар "Зүүн Арт" төслийн куратор, "Хөх нар" төвийн ТУЗ-ийн гишүүн Ж.Анунаран:
Үйл хөдлөлийн урлаг нь бүжгээр, дуу хоолойгоор, хөгжмөөр, биеийн хэлэмжээр, үг хэллэгээр гээд маш олон янзаар санаагаа илэрхийлэх боломжтой. Үйл хөдлөлийн урлаг гэхээр заавал уран байх албагүй. Гол мессежээ уран бүтээлч хэрхэн илэрхийлэх, ямар орон зай эзэлж, үзэгчдийг яаж хамруулж байгаа нь чухал. Уран бүтээлч урлаг үйлдэж байгаа газар, тухайн бүтээлээ нэг цаг хугацаанд огтлолцуулж өгдөг юм.
Илүү ойлгомжтой яривал үзүүлбэрээ үзүүлэхдээ уран бүтээлч дотроо "тэсрэх" гээд байгаа зүйлээ биеийн үйл хөдлөлөөр илэрхийлнэ. Хүний хүсэл шунал хязгааргүй. Үүнийг дарж, номхотгож авахын тулд тэмцэж байгаагаа үзүүлбэр дээрээ харуулна. Жишээ нь үйлдвэрийн бетонон ханыг уран бүтээлч нэгэн залуу модоор цохиж үзэж байгаа юм. Дээрээс нь юм шидэж үзнэ. Үүнийг маш олон давтамжтайгаар үзүүлсний эцэст өөрөө туйлдаж өмсөж байсан хувцас, хэрэгсэл бүх зүйлээ тайлж хаяад юу ч биш болоод дуусаж байгаа тйим үйлдэл байдаг юм. Яг энэ мэтчилэнгээр уран бүтээлчид хэлбэрт баригдалгүй илэрхийлэх гэсэн санаагаа л харуулна гэсэн үг.
Урлагийн мэдрэмж бидний өдөр тутмын амьдралд хэрэгтэй. Нөгөө талаас бидний өөрөө өөрсдийгөө ойлгох хэл, суллах хэл болж өгнө. Тийм учраас урлаг хүн төрөлхтөнд маш ач холбогдолтой чухал зүйл.
Харин уран бүтээлч Д.Отгонбаяр өөрийн бүтээлийн талаар ярихдаа:
“Манай нийгэмд бухимдал их байна. Хүмүүс хоорондын бухимддаг шалтгаан нь нэг нэгнээ ойлгодоггүйгээс л үүдэлтэй. Яагаад ойлголцдоггүй гэхээр хүнийг байгаагаар нь хүлээж авдаггүй. Ядаж л хүн өөрийгөө эхлээд ойлгож, олох хэрэгтэй юм. Өөрийгөө таньж мэдсэн хүн бусдыг хүлээн зөвшөөрдөг. Би уран бүтээл үзүүлбэрээрээ хүн өөрийгөө хэрхэн олж, чагнах вэ. Өөртэйгөө өнгөрүүлэх богинохон цаг хугацаанд өөрийгөө яаж таних вэ гэх агуулгыг багтааж “Өөртөө илгээх захидал” сэдвийн хүрээнд бүтээлээ туурвиж байна. ихэнх бүтээл маань нийгэм рүүгээ чиглэж байгаа” гэв.