ЭМЯ-наас 2020 онд гаргасан судалгаагаар агаарын бохирдолтой холбоотой өвчлөл нас баралтын судалгаа гаргажээ. Ингэхэд 16 мянган хүн нас барсан талаар судалгаанд дурдсан байна. Нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчлөл, хавдар, амьсгалын тогтолцооны эмгэгүүд байгаа юм. Эдгээр өвчлөлүүд нь 2018 онтой харьцуулахад буурсан хэдий ч уушгины шалтгаант нас баралтын тоо хэвээр байсаар буй. Бид энэ асуудалтай холбогдуулан нийгмийн эрүүл мэнд судлаач Л.Дэлгэрзултай ярилцаж зарим зүйлийг тодрууллаа.
Тэрбээр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээнээс Улаанбаатар хотын агаарын бохирдол маш олон жил өндөр байгаа. Ялангуяа галлагааны улиралд илүү их байна. Энэ нь эрүүл мэндэд маш олон хор уршгийг бий болгодог талаар монголд болон олон улсад хийсэн судалгаа баталдаг.
Нэгдүгээрт агаарын бохирдол утаа нь амьсгалын дээд доод замд шууд бадлаар нөлөөлнө.
Дараагаар нь зүрх судасны өвчлөлийн шалтгаан болно. Хэт нарийн ширхэгтэй тоосонцор нь зүрх судасны өвчлөлд нөлөөлдөг. Бид сүүлийн үед даралт ихэслээ гэж ярих нь олширч байгаа. Энэ нь агаарын бохирдолтой л холбоотой асуудал гэж болно.
Агаарын бохирдол бага насны хүүхдүүдэд маш хортой нөлөө үзүүлнэ. Учир нь хүүхдийн уушгины хөгжил 6-7 насанд явагддаг учраас тэдэнд бидэнтэй ижил тооны цулцан, салаа байхгүй. Улмаар илүү их гэмтдэг. Мөн 60-аас дээш насныханд илүү сөрөг нөлөөтэй. Үүгээр зогсохгүй олон улсын судалгаануудыг харж байхад агаарын бохирдол тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.
АШУҮИС-ийн магистрын хийсэн судалгаагаар агаарын бохирдолтой орчинд сурч буй болон бохирдол бага нөхцөлд сурч байгаа хүүхдүүдийн IQ болон сэтгэн бодох чадвар, сурлагын дүн ялгаатай байгааг харуулсан.
Түүнчлэн эхийн хэвлийд хүүхэд бүрэлдсэнээс эхлээд жирэмсэн эхэд хүчил төрөгчийн хэрэгцээ 40 хувиар ихэсдэг. Үүний хэрээр амьсгалж байгаа агаарын эзлэхүүн ихсэж байна гэсэн үг. Ихэс рүү агаар дээр хөвж байгаа нарийн ширхэгтэй тоосонцор орно. Ингэснээр ихсэнд бохирдол ороод дөнгөж үүсэж хөгжиж байгаа эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлөх магадлалтай.
Хятадад хийсэн судалгаанаас дурдвал агаарын бохирдолтой, бохирдолгүй орчинд өссөн хүүхдүүдийн зан байдал эрс ялгаатай байгааг харуулсан байдаг. Бохирдол ихтэй үед төрсөн хүүхэд нь уур уцаартай байдаг ч юм уу. Бид хэвлийдээ хүн тээгээд явж байгаа л бол түүнийхээ эрүүл аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Агаарт гарах чухал. Эсвэл шүүлтүүртэй маск зүүж хэвших нь чухал.
Лос Анжелесийн их сургууль манай ЭХЭМҮТ нарын хамтарч хийсэн судалгаа байгаа. Үүнд ураг өөрөө зулбах тохиолдол өвлийн улиралд их гарч байгааг судалсан. Тэгэхээр эмэгтэйчүүд жирэмслэхээр төлөвлөхдөө бохирдол ихтэй үед эхний гурван сараа тааруулахгүй байх хэрэгтэй. өөрөөр хэлбэл 11 дүгээр сараас хоёрдугаар сар хүртэл жирэмсэхгүй байхыг анхааруулж байна.
Нэгэнт бид Улаанбаатарт амьдарч байгаа болохоор өөрсдийгөө хамгаалж сурах хэрэгтэй.
Ингэхдээ,
- Маск зүүх
- Гэртээ агаар цэвэрлэгч тавих
- Цонх хаалгаа нээхгүй байх
- Гэртээ ногоон ургамал тарьж хүчил төрөгч гаргах
- Гэр хорооллын айлууд үнсээ ил задгай хаяж байгаа нь агаарын бохирдол үүсэх нэг шалтгаан болно. Тиймээс үнсээ тагтай саванд хийж байх хэрэгтэй.
Эцэст нь бид яндангүй болж байж л утаанаасаа сална. Үүний наана олон алхамууд хийгдэж л байна. Тэр болтол өөрийгөө, гэр бүлээ хамгаалж хэвшээрэй.