Дэлхийн банкны санхүүжилтээр “Боловсролын чанарын шинэчлэл” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд “Сambridge assessment network”, Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төвөөс боловсролын үнэлгээний мэргэжилтнүүдийг чадавхжуулах олон улсын сургалт зохион байгууллаа.
Таван сарын хугацаанд үргэлжилсэн сургалтанд БШУЯ, БЕГ, БСҮХ, БҮТ, НБГ гэсэн таван байгууллагын 60 мэргэжилтэн хамрагдсан юм. Энэхүү сургалтанд хамрагдсан 60 мэргэжилтэнд үнэлгээ хэрэгжүүлэгчийн олон улсын гэрчилгээ гардууллаа.
М.ОЮУНЧИМЭГ: МЭРГЭЖИЛТНҮҮД КЭМБРИДЖИЙН СУДАЛГААНЫ ОЛОЛТ, ТУРШЛАГААС СУРАЛЦЛАА
Энэ сургалтын талаар Үндэсний болон олон улсын үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Оюунчимэгээс тодрууллаа. Тэрбээр “Олон улсын кредиттэй сургалт гэдгээрээ маш онцлог. “Сambridge assessment network” бол дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг, кредит нь хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага.
Энэ удаагийн сургалт үнэлгээний суурь ойлголт, даалгаврын тохирц, найдвартай байдлыг хэрхэн хангах, засалтын стандартчилал, чанарын баталгаажуулалтын үйл явц, статистикийн үндсэн ойлголтуудын талаар өргөн хүрээний мэдлэг олголоо. Мөн өгөгдлийн дундаж, тархац, хазайлт, статистик өгөгдлийг хэрхэн үр дүнтэй, оновчтой дүрслэн харуулж, бусдад ойлгомжтой байдлаар нэгтгэн харуулах зэрэг өргөн агуулгын хүрээг хамарлаа.
Сургалтанд хамрагдсан мэргэжилтнүүд англи хэл дээр, зайн сургалтаар, чиглүүлэгчт багштай, шинэлэг сургалтын арга барилаар, шинэ сэдвүүдийг үзэж танилцлаа. Жишээлбэл, бид цахим үнэлгээ сэдвээр work shop-д оролцсон. Кэмбриджийн хийж байгаа цахим үнэлгээний судлагаа, шинэ ололт, амжилт, туршлагаас суралцлаа.
Зайн сургалт учраас бүх 60 оролцогч онлайнаар оролцсон. Агуулгын хувьд үнэлгээний үндсэн ойлголтуудаа сэргээн санахаас гадна даалгавар хэрхэн үр өгөөжтэй бичих вэ, шалталтыг хэрхэн найдвартай, үр дүнтэй зохион байгуулах вэ гэх мэт ахьсан түвшний, шинэ шинэлэг сэдэв уншиж, судалж, мэдэж авлаа” гэв.
З.ЭНХГЭРЭЛ: БОЛОВСРОЛЫН ҮР ӨГӨӨЖИЙГ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ АХИУЛАХАД ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ СУРГАЛТ БОЛЛОО
Сургалтад хамрагдсан Нийслэлийн боловсролын газрын Боловсролын чанар, гүйцэтгэлийн үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн З.Энхгэрэл “Кэмбриджийн олон улсын үнэлгээний сургалтанд таван сарын турш хамрагдаж, өнөөдөр сертификатаа гардан авсандаа маш их баяртай байна. Энэхүү сургалтыг зохион байгуулсан БШУЯ, Боловсролын үнэлгээний төвийн хамт олондоо талархал илэрхийлье.
Олон улсын сургалтад бид хамрагдсанаар цаашид боловсролын чанарыг сайжруулах, боловсролын үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлагаа, шинжилгээтэйгээр хэрэгжүүлэх чухал ач холбогдолтой сургалт боллоо.
Хамгийн гол нь биеэ даагаад, өөртөө итгэлтэйгээр сурахад багш нар их дэмжлээ. “Та буруу хариуллаа гэхэд дэлхий сөнөхгүй шүү дээ. Тиймээс өөртөө итгэлтэй, тайван бай” гэж хүртэл биднийг тайвшруулж байсан. Энэ нь бидэнд их итгэл өгсөн. Сурахад их сайхан байлаа. Quiz бөглөх их сонирхолтой байсан. Бөглөөд, алдаан дээрээ суралцаад, хүссэн үедээ суралцах боломжтой, дэлхий ертөнцийг бидэнтэй холбож өгсө өгөөжтэй сургалт боллоо” гэлээ.
М.ОЮУНЧИМЭГ: СУРГАЛТ ХИЙН, СУРЧ МЭДСЭНЭЭ БУСАДТАЙ ХУВААЛЦАНА
Зарим мэргэжилтэн энэ удаагийн сургалтад сурсан, мэдсэнээ хамт олондоо, бусдад хуваалцах, зааж өгөх хүсэлтэйгээ хэллээ. Тэдний нэг нь Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн М.Оюунчимэг. Тэрбээр “Цаашид 202, 101, 102 модулиараа, зайлшгүй шаардлагатай агуулгаараа үндсэн хоёр газартаа буюу Багш, ажилтан байгууллагын хөгжлийн газар, Хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний хөгжлийн газрын үндсэн мэргэжилтнүүдэд сурсан, мэдсэнээ хуваалцана. Курс нээлттэй байх гурван сарын хугацаанд сургалт хийхээр төлөвлөөд байна” гэсэн юм.
Н.ӨСӨХБАЯР: ЭНЭ СУРГАЛТ ӨӨРИЙГӨӨ ОЛОН ТАЛААР ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ ОЛГОЛОО
Мөн Даалгаврын сангийн мэргэжилтэн Н.Өсөхбаяр “Кэмбриджийн олон улсын үнэлгээний сургалтад манай хэлтсийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ хамрагдлаа. Маш чухал, үр өгөөжтэй олон улсын сургалт байлаа. Хэлэлцүүлэгтэй, видеотой, өөрийгөө шалгах тесттэй, quiz-тай, нэмэлт материалтай, өөрийгөө цааш нь уншаад хөгжүүлэх боломж олгосон сургалт боллоо. Шалгах хуудастай. Би хаана нь явж байна вэ, энэ долоо хоногийн хичээлийн алийг нь хийснээ, хэдэн хувьтай явж байгаагаа харах боломжтой байсан” гэлээ.