Өнгөрсөн 10 хоногт Япон даяар их хэмжээний цас орсны улмаас 17 хүн амиа алдаж, 90 гаруй хүн гэмтэж, бэртсэн тухай албаныхан өчигдөр мэдэгджээ.
Тус улсын баруун эрэг, ялангуяа Хоккайдогийн хойд бүс нутагт сүүлийн үед их хэмжээний цас орсон байна. Харин албаныхан цахилгаан эрчим хүчгүй байсан Хоккайдогийн хэдэн арван мянган оршин суугчдын цахилгаан эрчим хүчийг сэргээснээ мэдэгджээ. Хэд хэдэн бүс нутагт, тэр дундаа хойд Ямагата мужид сүүлийн 24 цагийн дотор нэг метр гаруй зузаан цас орсон гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн өвөлжилт хүндэрсэн тул хойд хэсгээр их хэмжээний цас орж, олон зуун машин зам дээр боогдон, хүргэлтийн үйлчилгээ зогссон. Тодруулбал, дээврийн цасыг цэвэрлэж байхдаа унаж, дээвэр дээрээс гулсан зузаан цасанд дарагдсаны улмаас олон хүн нас барсан байна.
Японы зүүн хойд хэсгийн хэд хэдэн бүс нутагт энэ улиралд ердийнхөөс гурав дахин их цас орсон гэж албаныхан мэдээлж байгаа юм. Түүнчлэн цаснаас болж ням гараг хүртэл Японы хойд хэсэгт олон арван галт тэрэг, нислэгүүд цуцлагджээ. Гэхдээ ихэнх үйлчилгээг сэргээсэн гэж Зам тээврийн яамнаас мэдээлсэн байна. Ойрын өдрүүдэд их хэмжээний цас үргэлжлэн орох төлөвтэй байгааг Японы хэвлэлүүд онцолжээ.
Эх сурвалж: DW