Сүүлийн өдрүүдэд цас орсноос үүдэж Улаанбаатар хотын төв зам гэлтгүй захын хорооллын гудамж мөстөж явахын эцэсгүй болжээ. Ийм замаар хүмүүс ажил, сургуульдаа халтиран явсаар эрүүл мэндээрээ хохирч буй юм. бидэнд мэдээлэл өгсөн иргэд өдөрт 5-6 удаа халтирч унах нь хэвийн үзэгдэл болсон. Хүүхдүүдээ машин доогуур орчих вий л гэхээс айдаг талаар ярьсан юм.
Иргэд:
- Халтирч уначих гээд үнэхээр хэцүү байдаг. Өдөрт 4-5 унаж байна. Гудамжинд бол тэр чигтээ мөсөн дээгүүр л явж байгаа. Хэлэх үг олдохгүй байна.
- Халтиргаа гулгаа бол маш хэцүү байна. Хуучин мөсөн дээр нь шинэ цас ороод л мөс нь зузаарчихна. Дээшээ настай хүмүүс халтираад явахгүй байгааг харж байгаа биз дээ. Болдог бол хорооноос давс бодис цацмаар байгаа юм. Гэхдээ энэ хавиар асгана гэдэг хэцүү л дээ. Нөөц байдаг ч юм уу мэдэхгүй. Би дээшээ өгсөж л явна. уначих гээд арай л гэж явж байна.
- Замын хажуу талын цасан дээр гишгэж байж буудаг юм. Үгүй бол унана. Манайх өгсүүр газар байдаг. 132 дугаар сургууль, 117 дугаар цэцэрлэг өөдөө өгсөх маш хэцүү. Дандаа нааш цаашаа машин холхино. Бага насны 2-3 хүүхэдтэй. Машин нь дээрээс гарч ирнэ. Доороос ч гарч ирнэ. Хүүхдүүдээ халтираад машин доогуур орох вий гэхээс их айж байна.
Захын хорооллын гудамжинд давс, бодис цацах боломж бололцоо төдийлөн байдаггүй талаар БЗД-ийн 29 дүгээр хорооны Засаг дарга хэлж байна. Харин энэ асуудлыг нийслэлийн хэмжээнд авч үзэж, арга хэмжээ авах шаардлагатай байгааг иргэдлийн зүгээс ярьж буй юм.
Энэ асуудлаар тус хорооны засаг дарга Б.Нямдорж дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, “Хороо бол өөрийн гэсэн төсөвгүй байгууллага. Бид дүүргийн болон нийслэлийн засаг даргын захирамжийг нийт ААН байгууллагуудад тарааж, орчин тойрныхоо 50 метр газрыг цэвэрлэх, арчлах үүргийг сануулж байна.
Дарь-Эхийн үргэлжилсэн үерийн далан дагуух айлууд далан руугаа угаадсаа асгадаг. 00 нь хальсан айлууд мөн угаадсаа гаргаад асгадаг.
Эдгээр айлуудад сануулах арга хэмжээ авч байна. Олон нийтийн байцаагчид эдгээр айл өрхүүдийг торгох журамтай. Үүргүүдийг нь сануулж зарим ААН, айлуудыг торгох арга хэмжээ авч байгаа. Гэр хорооллын дундах зам хот тохижилтынхонд хамаарагддаггүй. Хашааны урд талыг цэвэрлэх нь тухайн хүний ухамсрын л асуудал” гэлээ.