Хогон дундаас олсон монгол гэрийн хана, элэгдсэн эсгий, ноос, урагдаж сэмэрсэн хөнжил гудсаар гэр босгон Улаанчулуутын хогийн цэг дээр найман жил амьдарч буй нэгэн хүнтэй бид ярилцлаа. 10 гаруйхан жилийн өмнө тэр эхнэртэй, хүүтэй, бүр дээд боловсрол эзэмшсэн, эрхэлсэн ажилтай эдийн засагч хүн байжээ. Гэвч тэр “хар ус”-амсаж эхэлснээс хойш өөрийн гэх бүхий л зүйлээ алдсан байна. “Цагтаа хоёр давхар байшин барьчхаад, хүүгээ өлгийдөн авч байлаа. Одоо надад юу ч байхгүй. Зорилго ч үгүй, зориг ч байхгүй” гэж халаглан ярих тэр удам залгах ганц хүүтэйгээ уулзалгүй зургаан жил болсон, уулзахаас ичдэг талаараа бидэнтэй хуваалцсан юм.
“Цагтаа монголын нэртэй компанид мэргэжлээрээ ажиллаж, найз нөхдийнхөө хүрээнд бага багаар амсаж эхэлсэн. Ууж согтсон хүнээс олигтой үг, үйлдэл гарна гэж юу байх вэ. Нялх биетэй эхнэрээ зовоох болсон юм. Зовоож байна гэдгээ ухамсарлаагүй тэнэг толгой явж. Одоо бодоход ахархан амжилтандаа бардсан юм байлгүй. Ажлаа тараад ядаргаагаа тайлах зорилгоор уусаар л байсан. Гэтэл төд удалгүй ажлаасаа халагдсан. Тэр үед өөрийн буруугаас болж халагдлаа гэж огт бодоогүй. Уусаар л байсан гэсэн үг. Хамт нийлдэг байсан ажлынхнаасаа холбоогоо тасалж, гудамжны хэдэн нөхдүүдтэйгээ ууж эхэлсэн. Эхнэр маань намайг долоон жил тэвчсэн юм билээ.
Би тэр үед юун дээд боловсролтой эдийн засагч, халтайсан архичин л болчихсон байсан. Хүүгээ сургуульд яаж орж байсныг нь ч санаддаггүй. Ингээд хүү эхнэр хоёр маань намайг орхиод явсан даа.
Би байшингаа зараад наймаа хийе гэж бодсон юм. Даанч архи гэдэг айхтар зүйл. Бүхнийг ухамсарлаж байсан ч би архинаас гарч чадаагүй ээ. Тэгээд л сүйрсэн. Ер нь үнэ цэнтэй хүмүүс нь хаячихвал эр хүн хөл дээрээ босоход их хүч шаарддаг байх. Надад тийм хүч байгаагүй юм. Нэг хэсэг зах дээр ачаа ачлаа. Бас л миний хүрээлэлд архичид гараад ирсэн. Би ч яах вэ донтчихсон нөхөр. Их уусан. Ачаа ачдаг байсан залуус хогийн цэг дээр амьдардаг байсан. Ингээд л би энд ирсэн. Хүү маань одоо 21 настай. Уулзах зориг алга. Хүүгээ бодохоор өр эмтрээд байдаг юм. Тавилан байвал дахиад уулзах л байх” гэж ярьж байлаа.
Харин түүнээс одоо хэрхэн амьдарч буй талаар лавлахад, “Энэ умгар хар гэрээс гаралгүй гурав хонолоо. Архиа хэтрүүлээд уучихсан юм байлгүй. Ходоод өвдөөд босох тэнхэлгүй байна. Хөлдөж үхэхгүйхэн л хэвтэж байна даа. Эмч, эмнэлэг гэж сүйд болж яваагүй ээ. Ингэж байгаад үхсэн ч яадаг юм гэж боддог болсон. Би одоо архинаас гармаар байна. Гэхдээ чадахгүй байгаа юм. Миний энэ амьдрал миний сонголтуудын үр дүн. Хэнд ч буруу өгөх боломжгүй. Өөрийгөө зүхээд ч нэмэргүй. “Намайг архи уу” гэж ам руу зутгасан хүн байхгүй шүү дээ. Архи надад энэ амьдралыг өгсөн. Хүлээж авахаас өөр арга алга даа. Эцэст нь ийм зүйл болно гэж мэдсэн бол би архинд тэгтлээ донтохгүй байсан юм” гэж ярилаа.
“Би архичин биш” гэсээр амьдралаа алдсан нэгэн хүний жишээг уншигч та бүхэнд сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэлээ.
Хэрвээ та архи уумаар санагдах, боломж таарвал татгалзахгүй уух, ууж буй үедээ архины хэмжээнд эсвэл өөрөө өөртөө тавих хяналтаа алдан заавал согттолоо уухыг хичээж байвал энэ нь архины хамааралтай болсны шинж. Энэ шинж тэмдэг илэрвэл заавал мэргэжлийн эмчид хандан архины хэрэглээний түвшингээ тогтоолгох хэрэгтэй. Ингэж байж аз жаргал, ирээдүйгээ хамгаалж чадна.