Гурван настай Б.Амунгоо охин мэдрэлийн эдийн хавдар гэсэн оношоор шаналж байна. Түүний аав ээж нь охиноо эмчлүүлэхээр БНСУ-ыг зориод байна. Гэвч эмчилгээний зардал нь анх төлөвлөснөөс хоёр дахин нэмэгдэж, 1,4 тэрбум төгрөг шаардлагатай болжээ. Хамгийн гол нь бүрэн эдгэрэх боломжтой гэсэн хариуг хэлсэн байна. Тиймээс охины аав, ээжийн найзууд болон Зөв захиа ТББ-ын залуус нэгдэж, хандивын аяныг үргэлжлүүлж байна. Та бүхэн 25 мянган төгрөгийн бараа бүтээгдэхүүний багцыг худалдан авснаар бяцхан охинд амьдрал бэлэглэх боломжтой. Ингээд залуусын төлөөлөл Б.Түмэн-Өлзий, Г.Сугарзаан нарын яриаг хүргэе.
“…Амунгоо охиныг эх орондоо элэг бүтэн ирэхэд нь, ээжийнхээ энгэрт эрх дураараа эрхлэхэд нь, аавынхаа мөрөн дээр хөөрхөн инээгээд тоглоход нь бид тусалмаар байна. Одоогийн байдлаар охин Солонгос улсад очоод, эхний ээлжийн химийн эмчилгээндээ орсон. Голлох шинжилгээнүүдээ өгсөн. Хамгийн анх шинжилгээгээ БНСУ руу явуулахад 700 сая төгрөг хэрэгтэй гэж байсан. Очсоны дараагаар биеийн байдлаас хамаараад 450 сая вонн буюу Монгол мөнгөөр 1 тэрбум 400 сая орчим төгрөг шаардлагатай болоод байна. Манай “Зөв захиа” ТББ-ынхан хоорондоо ярилцаж байгаад "зүгээр нэг хандив аваад өнгөрөх биш, шинэ он гарч байгаа юм чинь хандив өргөсөн бүх хүнд азтантай сугалаа явуулъя, 1 сая төгрөгийн шагналын сан үүсгэе" гэж шийдсэн. Хандив өргөсөн бүх хүн энэ сугалаанд оролцох эрхтэй болно гэсэн үг. Гэхдээ 1 сая төгрөг нь бэлэн мөнгө биш.
Бидний хэдэн залуус ярилцаж байгаад ийм багц гаргасан. Амунгоо охины ээжийн “Гоо” онлайн шопоор худалдаалдаг бараа бүтээгдэхүүн болон дэмжиж байгаа байгууллагуудын бараа бүтээгдэхүүнээс бүрдсэн багц байгаа юм. Энэ багцын үнэ 25 мянган төгрөг. Гэхдээ багцад 25 мянган төгрөгийн өртгөөс илүү бараа бүтээгдэхүүн байгаа. Та энэ барааг худалдаж аваад Амунгоо охинд хандив өргөх боломжтой.
Дээрээс нь 10 сая төгрөгийн шагналын сантай хандивын аян эхлүүлэх гээд хоорондоо ярилцах шатандаа явж байна. 10 жилийн дүү нар маань, оюутан залуучууд маань, албан байгууллагууд маань анги хамт олноороо нэгдээд, бид нараас тусдаа “Амунгоо охинд тусалъя” гэсэн аян өрнүүлээд, 10 сая төгрөгийн эрхийн бичиг, бүтээгдэхүүн авах боломжтой.
Хагалгаандаа орчих л юм бол охин эмчлэгдэх, эрүүл болох магадлал 100 хувь байгаа. Гуравхан сая иргэний нэг, нэг гэр бүл, нэг ирээдүйг бүгдээрээ аварцгаая аа. 5,10 мянга, их бага гэж голохгүй. Олны хүч оломгүй далай. Та бүхэн бүгд хандивт маань нэгдээрэй, боломжоороо. Баярлалаа” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.