Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас дүүргийнхээ эдийн засаг, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж хамт олноо манлайлан ажилласан 2022 оны шилдгүүдээ тодрууллаа. Дүүргийн засаг даргын дэргэдэх Тэргүүний хэлтэс, албаар Ч.Өнөрсайхан даргатай Дүүргийн эрүүл мэндийн төв шалгарлаа.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв нь хоёр салбар амбулатори, 350 гаруй ажилтан, 7 албан нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. 2022 онд өргөтгөлийн барилгыг шинээр ашиглалтад оруулан, тусламж үйлчилгээний нэр төрлийг ерөнхий мэс засал, дурангийн мэс заслын тасгийг нэмж, 20 гаруй мэс заслыг эрүүл мэндийн төвдөө хийх боломжтой болжээ. Түүнчлэн, хоёр тэрбум гаруй төгрөгийн тоног төхөөрөмжийг 20 гаруй нэр төрлөөр нэмэгдүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, хүртээмжтэй хүргэхээр ажиллаж байна.
Мөн ажилчдын нийгмийн баталгааг хангах чиглэлд энэ онд ажилчдын цалинг 3 удаагийн шатлалтайгаар нийтлээ 60 гаруй хувиар нэмэгдүүлж, “нийгмийн баталгааг хангах сар”-ын хүрээнд ажилчдадаа 960 гаруй сая төгрөгийн байрны урьдчилгаа, ипотекийн зээлийн дэмжлэг үзүүлсэн байна. Мөн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжид гол анхаарал хандуулан ажиллаж, иргэдийн өргөдөл гомдлын тоо өмнөх онтой харьцуулахад 23 хувиар буурч талархлын тоо 40 хувиар нэмэгдсэн үр дүнтэйгээр ажилласан байна.