Турк улсад болсон жүдо бөхийн олон улсын тэмцээнд нэгэн хүүгийн барилдаж байгаа бичлэг олон хүний хайр, хүндлэлийг хүлээсэн. “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин түүнийг Энхманлайн Эзлэн гэдэг. Жүдо бөхийн спортоор зургаахан сар хичээллэхдээ гурван ч мэхийг чадмаг гэгч нь сурч, дайчин эвсэлтэй барилдаж буй түүнтэй ярилцлаа.
-Олон улсын анхны тэмцээндээ оролцоод, хүрэл медаль хүртээд ирлээ. Баяр хүргэе.
-Баярлалаа. Би долоон настай. Жүдогоор хичээллээд зургаан сар болж байна. Би олон улсын тэмцээнд анх оролцоод, хүрэл медаль авсандаа баяртай байна.
-Медаль аваад ирэхэд аав, ээж нь юу гэсэн бэ. Хүүгээрээ их бахархсан байх, тийм ээ?
Тийм. “Миний хүү мундаг шүү. Сайн байна” гэсэн.
-Хэчнээн мэх хийж чаддаг вэ?
-Гурван мэх.
-Ямар, ямар мэх хийдэг вэ?
-Сууж үүрэх, этэх, хутгах.
-Аль мэхээ хийх хамгийн дуртай вэ?
-Сууж үүрэх дуртай.
-Олон улсын тэмцээнд оролцохдоо хэчнээн хүүхэдтэй барилдсан бэ?
-Таван хүүхэдтэй барилдсан.
-Аль мэхээ түлхүү хийв?
-Бүгдийг нь этээд ялсан. Туркийн тэмцээн сууж үүрэх мэхийг хориглочихсон байсан. Тэгээд би хийх дуртай мэхээ хийж чадаагүй.
-Сууж үүрчих гээд эвгүй байв уу?
-Ёстой эвгүй байсан. Гэхдээ “Хориглосон учраас хийж болохгүй шүү” гэж багш хэлсэн. Тэгээд би сууж үүрээгүй.
-Энэ тамирчин шиг болох сон, түүн шиг барилдаж сурах гэж хүсдэг тамирчин бий юү?
-Байгаа. Мирүяма шиг тамирчин болохыг хүсдэг. Японы тамирчин Ш.Оногийн барилдааныг үзэх дуртай.
С.БАЯРТҮВШИН: ШАВЬ МИНЬ ЗУРГААХАН САР ХИЧЭЭЛЛЭЭД ИЙМ АМЖИЛТ ГАРГАСАН НЬ ХОВОР ТОХИОЛДОЛ
Э.Эзлэнгийн талаар түүний багш, “Мон-Алтиус Цагаанбаатар”академийн дасгалжуулагч С.Баяртүвшин “Шавь маань олон улсын анхны тэмцээндээ оролцоод ирлээ. Олон улсын төдийгүй дотоодын тэмцээний анхны медалиа авсан. Өмнө нь Д.Нармандах гавьяатын нэрэмжит тэмцээнд оролцсон. Гэхдээ медаль авч чадаагүй. Хоёр дахь нь Туркийн тэмцээн байлаа. Анхны медалиа олон улсын тэмцээнээс авсан нь бахдам амжилт.
Э.Эзлэнгийн үндсэн мэх нь сууж үүрэх. Баруун, зүүн талдаа сууж үүрдэг. Гэвч Туркийн тэмцээнд сууж үүрэхийг хорьчихсон байсан. Үндсэн мэхээ хориулчихсан тул барилдаанаа 100 хувь гаргаж чадаагүй. Өмнө нь бэлтгэл дээр ороож этэх мэх давтаж байсан. Энэ мэхээрээ өрсөлдөгчдөө яллаа.
Ер нь өөрөө жүдо бөхөд их сонирхолтой, эвсэлтэй хүүхэд. Зургаахан сарын хугацаанд ийм амжилт гаргасан нь ховор тохиолдол. Барилдааны хэмнэл, өрөлт нь их задгай. Ер бэргэж, биеэ барьдаггүй. Тийм өгөгдөлтэй хүүхэд л дээ. Тэр нь их нөлөөлөөд, маш сайн барилдлаа” гэв.