Талибууд төрийн бус байгууллагуудад (ТББ) эмэгтэйчүүдийг ажиллахыг хориглох тушаал өгсний дараа гадаадын тусламжийн гурван ч ТББ Афганистан дахь ажлаа зогсоож байгаагаа ням гарагт зарлалаа. Тодруулбал, Хүүхдийг Ивээх Сан, Норвегийн Дүрвэгсдийн Зөвлөл (NRC) болон CARE зэрэг байгууллагууд эмэгтэйчүүдгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж мэдэгджээ."Бидний Афганистан дахь олон хүний амь аврах тусламжийн ажил эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил тэгш ажилласан цагт л бүрэн хэрэгжинэ" гэж дээрх байгууллагуудын хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.
Бямба гарагт Талибууд төрийн бус байгууллагын зарим эмэгтэй ажилтнуудыг Исламын эмэгтэйчүүдийн хувцаслалтын дүрмийг чандлан баримтлаагүй тул ажиллахыг хориглосон тухай мэдэгдэл гаргасан юм.
Энэхүү шийдвэр нь Афганистаны хатуу исламист эрх баригчид 2021 оны наймдугаар сард засгийн эрхийг гартаа авснаас хойш тавьсан хамгийн сүүлийн үеийн хориг болж байна. Үүнээс өмнө эмэгтэйчүүдийг их дээд сургуульд элсүүлэхийг хориглосон шийдвэр гарснаас хойш долоо хоног ч өнгөрөөгүй байгаа юм. Талибуудын хамгийн сүүлийн үеийн эдгээр хоригууд нь олон улсын томоохон эсэргүүцэлтэй тулгарна гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: DW