Хөрөг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт IOTB ХХК-ийн үүсгэн байгуулагч, эдийн засагч Б.Пүрэв-Очир оролцлоо. Түүний хувьд форекс арилжааны зах зээлийг долоон жил судалж, “Тэгш хэмийн онол” нээсэн байна. Зах зээлээ бүрэн ойлгож, алддаг биш ашиг олдог болж, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн тухайгаа манай нэвтрүүлэгт ярьсан юм.
Сайн байна уу. Та өөрийгөө танилцуулаач?
Сайн байцгаана уу. Намайг Б.Пүрэв-Очир гэдэг. МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. IOTB компанийг үүсгэн байгуулаад, олон улсын валютын зах зээлд бүтэн цагаар ажиллаж байна.
Хэзээнээс форекс арилжааг судалж эхэлсэн бэ?
Анх энэ зах зээлийг долоон жилийн өмнө судалж эхэлсэн. Манай хамаатны ах one coin гээд койн худалдаж аваад, “Ахын дүү үүнийг нэг судлаад үзээч” гээд нэг шаблон өгч байсан. Нөгөө шаблонтой нь танилцсан чинь санхүүгийн зах зээлтэй холбоотой мэдээлэл байсан. Яг л үүнийг би судлах ёстой юм байна гэж бодсон. Тухайн үед ийм ухаалаг утас байгаагүй. Манай аавд нэг G–mobile-ийн товчтой утас байсан. Ааваасаа утсыг нь гуйж байгаад, дата аваад google, youtube-ээс хайлт хийж үздэг. Сүлжээ муутай учраас долоон минутын бичлэг үзэх гэж 30,40 минут болно. Үзэж дуусаад, бичиж тэмдэглэдэг байсан.
Анх арилжаа хийж эхлэхдээ мөнгөө яаж олдог байсан бэ?
Богино хугацаанд ашиг олох боломж нь юу байна гээд форексийг маш сайн судалсан. “Та хүүдээ мөнгө зээлээч, хүү нь дансаа цэнэглэе” гээд л. Ааваасаа нэг зээлээд, ээжээсээ нэг зээлээд, дансаа цэнэглээд, шатаадаг. Олон дахин гуйгаад, сүүлдээ гуйж чадахаа больсон. Мод түлээнд явах, мужааны туслах хийх зэрэг юу л байна тухайн үедээ хийж болох бүх ажлыг хийсэн. Авсан цалингийнхаа талыг нь хадгаламжид хийгээд, үлдсэнээр нь дансаа цэнэглээд, шатаагаад, дахиж хадгаламжаасаа мөнгө авч цэнэглээд. Ингэж явсаар сүүлдээ би дансаа цэнэглэхээс айдаг болсон байсан.
Энэ зах зээл нь алдах эрсдэл өндөртэй. Таны хувьд хамгийн том сургамж болсон түүхээ хуваалцвал?
Мэдээж маш эрсдэлтэй зах зээл. Гэхдээ маш сайн судлаад, мэддэг болчихвол тийм ч эрсдэлтэй санагддаггүй. Анх “Энэ хичээлийг л үзчихвэл би ашиг хийх юм байна” гэж бодож, мотивац авдаг хүнийхээ хичээлийг үзье гэж шийдээд, үүнийг үзээд, дансаа цэнэглэе гэж тооцоод үзвэл таван сая орчим төгрөг болж байсан. Манай ээж багш мэргэжилтэй, төсвийн байгууллагад ажилладаг. Ээжээсээ очоод таван сая төгрөг гуйсан. “Ээж, хүү нь яг энэ хичээлийг үзчихвэл ашиг олох гээд байна” гээд гуйж гуйж, ээж “Тэгье” гээд цалингийн зээл авхуулаад, би хийж эхэлсэн. Нөгөө хичээл ч дууссан, би дансаа ч цэнэглэсэн. Төд удалгүй дахиад шатаасан. Тухайн үед би оюутан болох гээд, эгч маань оюутан байсан. Намайг оюутан болгох гээд ээж өдөр нь ажлаа хийгээд, шөнө нь дээл оёод л. Аав хажууд нь жижиг сажиг ажлуудаа амжуулаад л. Тухайн үед надад маш хэцүү байдаг байсан.
Гэхдээ би энэ зах зээлийг хаяж чадаагүй. Энэ зах зээлээс яаж ийгээд би ашиг олно, яаж ийж байгаад л ээжийнхээ цалингийн зээлийг тэглэж өгнө гэж боддог байсан.
Та тэгш хэмийн онол нээсэн гэж байсан. Энэ онолоо яаж нээсэн бэ?
Таван жилийн өмнөөс энэ зах зээлийн Dow, Elliott, Gann гээд онолуудыг бүгдийг нь судалсан. Dow гэдэг хүн Dow-ийн онолыг ажиглаад нээсэн бол Монгол хүн яагаад энэ зах зээлээс онол нээж болохгүй гэж бодсон. Анх “volume тэгтэй тэнцүү үед ханшийн хөдөлгөөн тэгш хэмд хөдөлдөг юм байна” гэдэг нөхцөлийг тавиад, үүнийхээ дагуу судалгаа хийж эхэлсэн. Фунт, доллар, алтны хөдөлгөөний таван жилийн датануудын бага цагийн хөдөлгөөнийг тавьж байгаад back test гэдэг зүйлийг уйгагүй хийсэн. Үүнийхээ хүчинд тэгш хэмийн онол баталсан, нотолсон, ойлгосон. Би ханшийн хөдөлгөөнийг цаг, минуттай нь хэлдэг болсон. Тухайн үедээ лайв явж байгаа ханшийн хөдөлгөөнийг таамаглахад, миний шинжилгээ 80-аас дээш хувьтай гардаг болсон.
Одоо л би яг бэлэн болсон юм байна гээд, дансаа цэнэглээд эхэлж байсан. Би үүнээс хамгийн анхныхаа татан авалтыг хийгээд, ээжийнхээ цалингийн зээлийг тэглэж өгнө дөө гэсэн чин хүсэлтэй байсан. Ашиг хийгээд, бага ашгийг бага гэж голохгүй, аваад л, татаад л. Ингэж явж байгаад хамгийн сүүлд ээжийнхээ цалингийн зээлийг тэглэж өгөөд, “Би энэ зах зээлээс чадсан шүү” гээд урам авах үе надад хамгийн гоё нь байсан. Тухайн үедээ би бууж өгөөд, чадахгүй гэсэн бол өдийд би ийм амжилтыг бүтээж чадахгүй байсан. машины хоббитой залуу хүний хувьд өнөөдөр хүссэн Benz-ээ унаад явахгүй байсан.
Форекс арилжааг хялбар аргаар мөнгө олох хэрэгсэл гэж зарим хүмүүс ойлгодог. Арилжаа хийж байгаа ч шатаагаад байгаа хүмүүс юунд алдаад байна вэ?
Койн, форекс гэхээр хүн бүр муу хэлдэг. Учир нь хүмүүс зовж олсон мөнгөө энэ зах зээлд алдчихаад байгаа юм чинь муу хэлэхгүй гээд яах юм. Харин үүнээс олоод байвал хүн байнга л аз жаргалтай байна. хүмүүс арилжаа хийгээд байгаа ч алдаад байгаа шалтгаан нь ямар ч мэдлэггүйд байна. Зөв техник шинжилгээ, менежменттэй байвал алдах эрсдэл маш бага. Мөн энэ зах зээлийн талаар бүрэн мэдлэггүй хүмүүсээр заалгаж байгаа нь хамгийн том алдаа. Ашиг олж үзээгүй багшийн шавь нь адилхан ашиг олж чадахгүй. Зах зээлийн ойлгомжтой байдлыг бий болгоод, ойлгож чадвал энэ зах зээлээс монголчууд бүгд ашиг хийж чадна.
Нэмэлт орлоготой болъё гэж бодож форекс арилжаа сонирхож байгаа залуус ямар сургалтуудад суусан байх шаардлагатай вэ?
IOTB компани нь анх жилийн өмнө үүсгэн байгуулагдаад, санхүүгийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байсан бол энэ жил IOTB Forex Academy болсон. Яг одоо бол танхимын хичээл зааж байна. Монголчууд энэ зах зээлийг нэлээн судалж, алдаж байна. Энэ академийн хувьд ойлгомжтой байдал буюу ойлгомжтой техник шинжилгээ, зах зээлийг ойлгох техник шинжилгээг болон мөнгөний менежмент, сэтгэлзүй гэдэг цогц хичээл заадаг. Хүнийг бүх талаас нь бэлддэг гэсэн үг. Би анх яагаад алддаг байсан бэ гэвэл надад менежмент байхгүй, техник шинжилгээ гэдэг зүйлийг би мэдэхгүй учраас алддаг байсан. Одоо өөрийн туршлагад үндэслэн, мэддэг чаддаг бүхнээ зааж, алддаг биш ашиг хүртдэг залуусыг олон болгохыг хүсэж байна.
Танд энэ зах зээлийн юу нь хамгийн гоё байдаг вэ?
Нэг ч гэсэн Монгол айл, нэг ч гэсэн Монгол хүн битгий алдаасай гэдэг үүднээс үнэгүй signal, зөвлөгөөнүүдийг өгөөд, ашигтай ажиллуулж байсан түүх олон байдаг. Нэг хүн дансаа шатаагаад эвгүйтсэн байхдаа надтай холбогдоод “Энэ алт яагаад байна, юу хийгээд байна. Өсөх үү, унах уу” гээд л асуудаг. Гэтэл үүнийг нь шинжилж өгөөд “Та тэдэн цаг хүлээгээд хаачих аа. Ашигтай хаагдана” гэхэд алдагдлаа нөхөөд, ашигтай хаасан хүн маш гоё чат бичих нь надад хамгийн гоё санагддаг. Зарим хүн шоу цэнгээнээс гоё кайф авдаг бол энэ хүн энэ зах зээлээс алдагдал хүлээхгүй ашиг хийгээд, над руу бичиж байгаа чатууд нь их гоё санагддаг.
Крипто арилжаа форекс арилжаа хоёр өөр үү?
Койн, форекс нь хоёр нь өөр. Форекс нь богино хугацаанд их хэмжээний ашиг олж болдог. Мөн “Таны дансыг хэд дахин нугалаад өгье” гээд хүмүүсээс татсан мөнгийг шатаадаг, эсвэл залилан хийгээд байхгүй болчихдог, хууль зүйн зохицуулалт ч байхгүй. Тиймдээ ч энэ зах зээлийг монголчууд үзэхээ больчихсон.
Эдийн засагч хүний хувьд хэлэхэд энэ заах зээл нэг улсын мөнгөн тэмдэгт нөгөө улсын мөнгөн тэмдэгттэй зохицоод байгаа дэлхийн хэмжээний эдийн засгийн ойлголт. Гэтэл үүнийг гамблын сэтгэлзүйтэй эсвэл казино гэж масст ойлгуулчихсан. Энэ зах зээлийн анх ойлгуулсан ойлголт нь тийм болчхоод байна. Хүмүүс богино хугацаанд их хэмжээний мөнгө хийгээд л, гялс ашиг хийгээд л явчихъя гэж боддог. Бодит байдалд яг хийгээд үзэхэд хүн бүрийн хийгээд байдаг зүйл биш. Мөн менежменттэй маш сайн явж байгаа, зөв техник шинжилгээ буюу зөв системийг бий болгож чадсан хүмүүс энэ зах зээлээс хангалттай ашиг олж чаддаг. Учир нь энэ зах зээл казино, биш, койны зах зээл биш. Бүхэл бүтэн дэлхийн том хэмжээний зах зээл юм.
Анх арилжаа хийнэ гээд, судалгаа хийж байхад гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авч байсан бэ?
Судалгаа хийгээд, суудаг байх үед “Чи сэтгэцийн өвчтэй боллоо” гэж нэлээн олон хөндлөнгийн хүн ч хэлж байсан. Манай гэр бүлийнхэн ч хэлж байсан. Сэтгэцийн өвчингүй гэдгээ батлаад, энэ зах зээлийг асуудалгүй ойлгоод, ашиг олоод, залууст зөвлөөд, нийгэмдээ тус болоод явж байна.
Арилжаа хийж байгаа хүнийг хөндлөнгөөс харахад маш уйтгартай харагддаг. Найз нөхөдтэй уулзахгүй байхаар ганцаарддаг уу?
Эхлээд өдөр шөнөгүй дэлгэц ширтээд суух хэцүү. Найз нөхөдтэйгөө заал аваад, тоглоё гэхээр ажил байгаад байдаг. Захиалга өгчихсөн байдаг. Хааж чаддаггүй. Ингэж явсаар сүүлдээ дасчихдаг. Найзууд ч залгахаа больдог. Шоудъя, хамт заал авъя гэж хэлэхээ больчихдог. Сүүлдээ нийгмийн харилцаанд орохгүй, нэг хайрцагт орчихдог.
Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
Та бүхэнд удахгүй болох шинэ оны мэнд дэвшүүлье. Форекс зах зээлд алдаж байгаа хүмүүс манай академитай холбогдоод, зөвлөгөө, зөвлөмж авч болно шүү.