Спортын ярилцлагын “Ялагч” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт пара таеквондогийн ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Азийн дөрвөн удаагийн аварга, Монголын пара спортоос мэндэлсэн анхны эмэгтэй гавьяат тамирчин Х.Энхтуяа оролцлоо.
13 настайдаа ахуйн ослоор гараа тайруулсан, бусдаас санаа зовж, өөртөө итгэх итгэлээ алдсандаа халаасаа цоортол гараа нууж явсан үе түүнд бий. Гэхдээ улам хүчтэйгээр өндийн босож, өөртөө итгэлтэй дайчин байсныхаа хүчинд тэрбээр цоо шинэ Энхтуяаг урлаж чадсан. Үүнд нь таеквондогийн спорт, хүү нь хамгийн их нөлөөлсөн гэнэ.
Халаасаа цоортол гараа нууж явсан тэрбээр оройтсон гэж бодолгүйгээр 25 насандаа пара таеквондогийн спортоор хичээллэж, олон, олон анхдагч амжилтын эзэн болсоор явна. Дэлхийн аварга болж, дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлэн, Азийн дэвжээнд дөрвөн ч удаа түрүүлж, Монголын пара спортоос мэндэлсэн анхны эмэгтэй гавьяат тамирчин болж чадлаа. Бахархаж, бахдахгүй байхын аргагүй супер амжилт мөнөөс мөн. Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Х.Энхтуяа үргэлж ялагч байхын төлөө ямар их саад, бэрхшээлийг даван туулж, өөрийгөө хурцалж яваагаа уншигч тантай ийн хуваалцлаа.
-Удахгүй 2023 он гарах гэж байна. 2022 он таны хувьд амжилт, бүтээлийн ганзага хэр дүүрэн жил байв?
-Миний хувьд 2022 он үнэхээр сайхан жил байлаа. Олимпын шинэ циклээ эхлүүллээ. Шинэ жинд барилдан, унаж, босож, түүнийгээ мэдэрч чадлаа. Гран при тэмцээнээс Монголын хамгийн анхны алт, мөнгөн медалийг эх орондоо авч ирлээ.
-Мөн анхдагч амжилтуудын тань нэг нь Монголын пара спортын түүхэнд анхны эмэгтэй гавьяат тамирчин боллоо.
Тэглээ. Үнэхээр санаанд оромгүй явдал боллоо. Паралимпийн спортын аль төрлөөс, хэн гавьяат болсон нь тийм ч чухал биш. Хамгийн гол нь пара спортыг, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй тамирчдын амжилтыг надаар төлөөлүүлж төр, түмэн олон маань үнэллээ гэж харж, бэлгэшээж байна. Хийж бүтээснийг нь нийгэмд эрх тэгш үнэлээд, төр, түмэн олон маань тунхаглан зарлаж буй нь өөрөө маш олон хүний зүрхэн дэх галыг асааж өглөө. Энэ үнэхээр маш чухал.
-Ерөнхийлөгчөөс гавьяат цолоо хүртэн, баярын нулимстай зогсож байхад юу бодогдож байв?
-Сэтгэл их хөдөллөө. Үнэхээр сайхан байлгүй яах вэ. Гавьяат тамирчин цол надад маш том ташуур боллоо.
Би “Токио-2020” паралимпийн наадмаас медаль авах байсан уу байсан. Магадгүй паралимпийн өмнө ташуур болгоод өгсөн бол хэний ч шидсэн чулууг тоохооргүй хэмжээнд сэтгэл зүйтэй оролцох байсан юм байна даа гэсэн мэдрэмж авлаа. Гэхдээ юм оройтоогүй. Би залуу байна. Хийх хүсэл мөрөөдөл дүүрэн байна. Эрч хүчтэй, эрүүл байна. Тэгэхээр өнгөрсөн бол өнгөрсөн. Одоо урдаа тавьсан зорилгоо хараад, улам эрч хүчтэйгээр зүтгэнэ.
-2022 оны паралимпын наадмаас өмнө шагнасан бол гэлээ. Ер нь “Гавьяат болох цаг нь болсон, хэзээ шагнах бол” гэсэн хүлээлт хэр байв?
-Байгаа юмандаа эзэн байна гэдэг асар том ухаан, тэвчээр. “Гавьяат цол хүртэх юм сан” гэж бодож байгаагүй. Зүгээр л адилхан, тэгш хөдөлмөрлөөд явж байхад нэг нь шагнагдаад, нөгөө нь шагнал, урамшууллын гадуур үлдэхийг харах мэдрэмж хэцүү байсан. “Би яагаад ингэж шагнуулж болдоггүй юм бол” гэсэн бодол л байсан болохоос “Би Гавьяат цол хүртмээр байна. Би одоо энэ шагналын төлөө зүтгэнэ” гэсэн зорилго надад байгаагүй.
Би Архангай аймгийн Ихтамир сумын уугуул. Аав, ээж минь тэнд амьдарч ирсэн. Тал нутагтаа унаж, өсөж өндийсөн. Тал нутгийнхаа нэрийг тив, дэлхийд гаргаад явж байгаадаа туйлын их талархдаг. Тэр тусмаа паралимзмын анхдагч болоод яваа минь хэн ч баллуурдаж, үгүйсгэж чадахгүй түүх байхгүй юу.
-Та 25 настайдаа энэ спортоор хичээллэсэн. Спортод, яг мэргэжлийн тамирчин болоход ер нь оройтсон, хожуу хугацаа. Насны хувьд хожуу хичээллэхэд хэр хүндрэл гарч байв. Багаасаа хичээллэх ондоо шүү дээ, тийм ээ?
-Тийм ээ. Маш гоё асуулт. Яагаад гэвэл би энэ талаар ярих дуртай. Хүүхдээ төрүүлж, ээж болчихсон, 25 настай бүсгүй тамирчин болох гээд энэ спортоор хичээллэж байлаа. Багаасаа хичээллэх, 25 настайдаа спортод хөл тавих тэс өөр. Гэхдээ хүний бие организмыг, сайхан, муухай амьдрахыг, амжилтад хүрэх эсэхийг шийддэг ганцхан эрхтэн байдаг. Тэр бол тархи. Тэгээд зүрх, сэтгэл.
-“Би чадах болов уу. Амжилтад хүрэхгүй бол яана” гэх эргэлзээ хэр байв. Өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй байсан уу?
-Яагаад ч юм бэ, би өөртөө огт эргэлзээгүй. Эргэлзвэл эргэлзэх хэмжээний олон шалтгаан надад байсан уу байсан. Ер нь чадна гэдэгтээ итгэсэн ганцхан хүн байсан нь би өөрөө. Намайг ийм хол явж чадна гэдэгт миний анхны хань, хүүгийн минь аав ч надад итгээгүй. Учир нь спортоор хичээллэх, амжилтад хүрэх тийм амар зүйл биш. Тэр хэрээр надаас асар их тэвчээр, хичээл зүтгэл шаардсан. Би ч бүхнээ зориулаад зүтгэсэн. Өмнө нь хийж байсан ажлаасаа гарсан. Таеквондогоор хичээллэхээсээ өмнөх бүх карьераараа золиослосон. Тэгээд спортын карьерыг сонгосон.
Энэ спортыг сонгох, амжилтын төлөө зүтгэхэд нөлөөлсөн хамгийн том шалтгаан бол хүү минь. Би 13 настайдаа гаргүй болж, нийгэмшээд амьдарсан. Хүмүүс “Хүрэлбаатар ахын охин Энхтуяа” гэж бус “Хүрэлбаатар гуайн гаргүй охин” гэж дууддаг болсон. Аймар байгаа биз. Овогтой, нэртэй хүн овогтойгоо мөртлөө нэргүй болоод нийгэмд алхах гуниг байгаа биз дээ. Тийм зүйлийг мэдэрч өссөн хүүхэд нас ямар байх вэ.
Хүүхэдтэй болсныхоо дараа “Яана аа, би хүүхэддээ ийм нэр өвлүүлж өгөх нь” гэж айсан. “Гаргүй эмэгтэйн хүүхэд” гээд хүмүүс хэлбэл яах вэ. Хүү минь надаас болж бусдаас ичин, санаа зовж амьдарна гэж бодохоос би аймар санагдсан. Энэ спортыг надад санал болгосон багш минь “Хүмүүс чиний хүүхдийг “Олимпын аваргын хүү” гээд дуудвал гоё биш үү" гэсэн. Тэгж хэлэхэд нь би шууд уйлсан. Нээрэн тэгвэл ямар сайхан бэ, олимпын аваргын хүү гээд хүүхэд минь бусдын өмнө нүүр бардам алхвал хэчнээн сайхан билээ гэж бодсон. Энэ л шалтгаанаар би таеквондогийн спортыг сонгосон. Энэ шалтгаан намайг юунаас ч айлгаагүй, шантруулаагүй. Одоо ч тийм. Зогсохгүй шүү дээ, угаасаа. Зорилгодоо хүртлээ зогсохгүй.
-Та зорилгодоо хүрч, анхдагч амжилтын эзэн болсоор явна. Одоогоор ямар, ямар амжилт гаргаад байга вэ?
-2016 оноос олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн. 2017 оноос хойш чансааны оноо цуглуулаад явж байна. 2017-2021 он хүртэл хугацаанд дэлхийн чансааг тэргүүлсэн. Одоо паралимпийн хоёр дахь цикльдээ дэлхийн чансааны дөрөвдүгээр бичигдэж байна.
Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл иж бүрэн медальтай Монголын паралимпийн анхны эмэгтэй тамирчин, Азийн дөрвөн удаагийн аварга. Азийн АШТ-д зургаан жил дараалж оролцохдоо дөрвөн алт, хоёр хүрэл медаль авсан. Медалийнхаа буухиаг таслаж байгаагүй. Амжилт гаргах боломжтой бүхий л тэмцээнээс ганзага дүүрэн ирлээ.
-Дэлхийн дэвжээнд түрүүлээд, Төрийн дууллаа эгшиглүүлээд зогсох тамирчин хүний хамгийн жаргалтай мөч. Дэлхийн аварга болоод зогсож байхад төрдөг хамгийн гоё мэдрэмж юу вэ?
-Үнэхээр гоё шүү дээ. Нулимс шууд гардаг. Би гаргахгүйг хичээгээд, дотогш нь залгидаг. Төв царайлж байгаа юм л даа. Гэхдээ дотроо бол орилоод, асгартал уйлмаар санагдана, мэдээж. Би тив, дэлхийн дэвжээн дээр тэгж чаддаггүй, дотроо хадгалж, хадгалж байгаад дараа нь гаргадаг төрлийн хүн байхгүй юу.
Би энэ уулыг хараагүй юм аа. Би тэр өндөр Эверистийг харсан. Тийм учраас наана нь би өөрийгөө дараад байна шүү дээ. “No, no хонгор минь болоогүй шүү. Гэхдээ илүү хичээнэ. Чи сая ингэсэн шүү” гэж өөрийгөө дарда, хурцалдаг. Би тэнд хүрэх гээд байна шүү дээ. Яг тэнд хүрсэн, паралимпийн аварга болсон цагтаа би баяр бахдал дүүрэн алхаж, чангаас чанга орилох байх.
Хүртсэн медаль бүрдээ би хайртай. Эх орныхоо төрийн далбааг тэр дээр мандуулаад, мөнгө, хүрэл медаль авсан тамирчид харамсаад “Хусуулчихлаа даа” гэж харамсаад зогсож байхад “Би чадлаа” гээд сэтгэл тэнэгэр байх мөч юугаар ч зүйрлэшгүй.
Медаль авах бүрдээ анхны хүүхдээ өлгийдөн авч байгаа юм шиг мэдрэмж би авдаг Бор хүүгээ төрүүлчихээд, цээжин дээрээ тавиад, уйлж байгаа юм шиг санагддаг. Үнэхээр гоё.
-Бага насны тэр тусмаа эмэгтэй хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болоход сэтгэлээр их унадаг, өөртөө итгэх итгэлээ алддаг. Тийм хүнд үед өөрийгөө хэрхэн хурцалж, даван туулсан бэ. Хамгийн хэцүү зүйл юу байв?
-Баярлалаа. Гоё асуулт. Өөрийгөө урласан түүхийн маань гол шалтгаан нь энэ шүү дээ. 13 настайдаа анх ахуйн ослоор гарны бэрхшээлтэй болоод, хэдэн жил эмнэлгээр тасралтгүй явсан. Сургуульдаа явах гэтэл цагаан цамц хар болчихсон байв. Гаргүй, юу ч хийж чадахгүй гэсэн сэтгэхүйтэй байгаа хүн ээжийгээ л гуйна шүү дээ. Гэтэл ээж түмпэн дотор ус хийж өгчихөөд гараад явчихдаг юм даа. Хүлээлээ, орой боллоо. Ээж ирдэггүй ээ. Би унтахаасаа өмнө цамцаа угаах хэрэгтэй байв, маргааш хичээлтэй.
Яг тухайн үед ээжийн хийсэн үйлдэл намайг өөрөө цамцаа угаагаад тавих зориг өгсөн. Ээж намайг загнасан бол би уйлах байсан. Ээж намайг өрөвдөөд угаагаад өгсөн бол би тэрнээс хойш дандаа юм болгоныг хүнээр хийлгүүлдэг сэтгэхүйтэй, биеэ даах чадваргүй амьдрах байсан. Ээж минь орой болтол хаана байсан бол. Хаа нэг газар уйлаад сууж байсан ч юм бил үү.
Ээжийг орж ирэхгүй байхаар нь би түмпэн дотор хөлөө хийгээд, өвдөгнийхөө энд цамцаа мушгиад, нэг гараараа угаагаад тавьчихсан. Тэрийгээ харах надад хэчнээн гоё байсан гэж санана. “Би чадчихлаа шүү дээ. Би хэнийг ч гуйхгүй, өөрөө хийж чадах юм байна” гэдэг итгэл төрсөн. Яг тэр мэдрэмжийг ээж өгч, хатуу хандсан. Яг үүнийх нь ачаар би өнөөг хүртэл амьдарч, өөрийгөө хурцалж өдий хүрлээ.
Ээждээ маш их баярлаж явдаг. Охин нь таныгаа зөндөө гомдоодог. Зөндөө зовоож байсан. “Хэрвээ зовоосон бол” гэж би хэлэхгүй. Одоо ч зовоож байгаа. Уучлаарай, хайртай шүү л гэж хэлье дээ. Ээжийнхээ зөв өрж өгсөн тоосгоор л явж байна даа (уйлав).
Уучлаарай, ээжийнхээ тухай ярихаар яагаад ч юм бэ ингээд уйлчихдаг юм.
-Зүгээр ээ, санаа битгий зовоорой. Сайхан тайвширчих.
-За, нэг гүнзгий амьсгаа авчихъя. Жаахан байхад хүүхдүүд гар руу муухай харахаар нь чулуу авч шидээд, зодолдоод гараад ирдэг байлаа. Маш хөдөлгөөнтэй, морины дэл дээр давхиж өссөн. Нийтэч, аливаа юманд оролцох дуртай, зоригтой хүүхэд байлаа. Яг тийм зоригтой, өөртөө итгэлтэй байдал маань 13 насанд, гаргүй болсны дараа алга болчихсон. Тэрнээс хойш зоригтон байж чадахгүй байлаа.
-Хүмүүсийн өрөвдсөн харц их хүнд тусдаг уу. Зүгээр л гудамжаар явж байхад, сэтгэл санаа өөдрөг байхад “Хөөрхий дөө” гээд байх нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст их хүнд тусдаг юм байна гэж анзаарагдсан. Танд тиймэрхүү хандлага хэр хэцүү санагддаг вэ?
-Наадах чинь аягүй их мотиваци өгдөг. Танд сэтгүүлч хүний нарийн мэдрэмж байна шүү. Яг мэдрээд асууж байна. Үнэхээр тэгдэг, эвгүй санагддаг, хүнд тусдаг шүү дээ. Би ажлын байран дээр гарах, өөрийгөө ялах хүртлээ тийм байсан. Халаасаа цоортол нь гараа чихдэг, нуудаг байсан. Огт ил гаргахгүй, бусдаас нуугаад явдаг байлаа. Гарны бэрхшээлтэй хүүхэд бүхэнд тийм бэрхшээл тулгарч байгаа.
Хүн хараад айчих вий дээ, уурлачих вий дээ гэж санаа нь зовдог байхгүй юу. Би өнөөдөр гараа нуугаад, ингээд суугаад байвал та бид хоёр харилцаад, ингээд гоё юм ярихад хана үүсчихнэ. Тэгэхээр хязгаарлагдмал бэрхшээлтэй хүмүүст зөвхөн хэцүү байдаггүй. Эргэн тойрон, ээж аав, үр хүүхэд, харилцах гээд намайг зорьж байгаа, миний амьдрал руу, тойрог руу орох гээд, хайрлах гээд ирж байгаа хүн бүхэнд хэцүү байдаг. Яаж харилцах вэ, гомдоочих вий гэж боддог байхгүй юу.
-Гараа халаасаа цоортол нуудаг байсан гэлээ. Байгаагаараа бусдад хүлээн зөвшөөрөгдөх, бусадтай л адилхан хүн гэдгээ хэзээнээс мэдрэв. Яг тийм өөртөө итгэлтэй амьдрахад тань юу хамгийн их нөлөөлсөн бэ?
-Энэ талаар би ярих үнэхээр дуртай. Яг өнөөдрийн Энхтуяаг бий болгоход, өөртөө итгэлтэй амьдрахад хүү минь л нөлөөлсөн. Би гараа нуугаад, бусдаад дөлөөд амьдарвал хүүд минь л хэцүү. Хүү минь ч гэсэн “Миний ээж гаргүй” гэж хэлэхээс ичнэ, бусдаас нууна. Тиймээс би хүүгээ бусдын өмнө эвгүй байдалд оруулахгүйн тулд байгаагаараа амьдарсан. Мөнгөө цуглуулан, цуглуулан байж авсан хиймэр гараа сугалаад шидсэн. Тэгснийхээ хүчинд би өөрийгөө олсон, байгаагаараа бусдад хүлээн зөвшөөрөгдсөн. Одоо би өөрийгөө гаргүй гэж боддог ч үгүй. Би бусадтай л адилхан хүн.
-Пара таеквондогоор хичээллэдэг эмэгтэй тамирчин Монголд хэр олон байдаг вэ?
-Над шиг гарны бэрхшээлтэй эмэгтэй олон бий. Пара таеквондогоор хичээллэхээр зориод, зорилгоо болгоод ирдэг нь ховор. Миний халааг авах хоёр эмэгтэй тамирчин байна. Би тэр хүүхдүүдийн урам зориг, итгэл найдварыг бөхөөчихгүйн төлөө чадах бүхнээ тултал нь хийн, үлгэрлээд явахыг хичээдэг. Заримдаа өөрийгөө үзэн яддаг. Яагаад ингэж зовоогоод байдаг юм бол гэж. Заримдаа өөрөөрөө үнэхээр бахархдаг.
-Таеквондо тулааны спорт. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй байтугай эрүүл эрэгтэй хүн хичээллэх амаргүй. Яалт ч үгүй заримдаа шантрах үе гарах юм уу?
-Миний хань ижил бол манай хамт олон, багш нар, уг нь. Тэр хүмүүс жаахан ойлгохгүй, энэ тал дээр AQ-гээ хөгжүүлж чадаагүй, иймэрхүү нөхцөл байдалтай амьдарч, амьсгалж байгаа цаг хором жаахан шантраадаг.
Бэлтгэл дээр хөл гар янгинана, бэртэнэ. Хугарна уу, өвдөнө үү сонин биш. Би багшдаа “Ухаан алдаад унах ч юм уу, зүрх эвгүйтэх юм бол хотын төвд байгаа юм байна, түргэн тусламж хурдаг ирэх байх” гэдэг. Бэлтгэл дээр ачаалалтай бэлтгэл хийгээд үхчих вий дээ гэж бодтолоо бэлтгэл хийдэг. Тэр бол зовлон биш.
-Хүн сэтгэлийн амьтан. Хүнд, хэцүү байгааг тань хамт байгаа, эргэн тойрны хүмүүс ойлгож, ярилцан, дэмжиж байж цааш, цаашдын амжилт гарна. Яг сайн ойлголцож авч чаддаггүй юм байна, тийм үү?
-Тийм ээ. Яг тийм дэмжлэг, ойлголцол маш чухал. Ялангуяа спортын салбарт. Амьдрал, амжилт, бэлтгэл гээд бүх зүйл дээр намайг ойлгоосой, харилцан ярилцах юм сан гэж боддог. Харамсалтай нь, тийм зүйл мэдэрдэггүй. Мэдрэхийг, ярилцахыг хүсэлгүй яах вэ. Тамирчин бүхэн л хүсдэг шүү дээ.
-Ярилцахаар Монголын таеквондогийн холбоо, шигшээгийн багш нар юу гэдэг вэ. Гарц, гаргалгаагаа олж чаддаг уу?
-Ярилцдаг уу гэвэл ярилцдаг. Гэхдээ хангалттай хэмжээнд биш. Яг гол шийдлийг нь олж, ойлголцож чаддаггүй.
Яг юунаас болж ийм үл ойлголцол үүссэн, гомдол тээж явдаг талаараа нэг их яриад яах вэ. Хоёулаа сайхан гэгээлэг зүйлсийн талаар ярилцъя.
-Тэгье ээ, бололгүй яах вэ.
-Өнөөдөр би бусдад өрөвдүүлэх зорилгоор ингээд уйлаад, зовлонгоо яриагүй юм шүү. Хэн нэгэн багш, дасгалжуулагч, холбоо, хамт олон суралцаасай, алдаа дутагдлаа анзаараасай л гэсэндээ юм шүү. Яг энэ шантрал гэдэг зүйлийг хамгийн их мэдэрдэг өөр нэг зүйл бий. Тэр бол амьдрал маань, үнэнийг хэлэхэд. Түүнээс биш зүрхний цохилт дээд түвшиндээ хүрээд, дахиад дээшээ гарчихаад “Больё оо” гэж мэдрэгдэхэд болихгүй гүрийгээд бэлтгэлээ дуусгах юу ч биш. Ингэж бэлтгэл хийж байгаад үхчихвэл яана аа гэж бодох үе байдаг уу, байдаг. Гэхдээ энэ бол ер зовлон биш. Энэ байтугайг даван туулж байж л амжилтад хүрнэ, зорилгынхоо эзэн болно шүү дээ.
-Таны хамгийн их хэлэх дуртай үг юу вэ?
-Зоригтой бай. Чадахгүй байгаагаа өөртөө хэлж чаддаг, хүлээн зөвшөөрч чаддаг зоригтон бай. Чадна гэдэгтээ итгээд тэрийгээ өөрөө хүлээж авч чаддаг зоригтон бай. Хэн нэгэн чиний хийхийг хүсэхгүй байгаа зүйлийг хийлгэх гээд, тэр нь үр дүнгүй байгаа бол хэлж чаддаг зоригтон бай. Энэ чинь алсдаа бидний ирээдүйд л хэрэгтэй. Өнөөдөр чимээгүй байя гэвэл би чадна. Гэхдээ надад миний амжилт хэрэгтэй. Хоёрдугаарт, тэр амжилтаар дагуулж шинэ тамирчдад би зурайсан зам тавьж өгнө. Би муухай зам тавьж өгөөд яах юм бэ.
Би сүүлийн долоон жил аав, ээжтэйгээ тайван суугаад хоол идэж, унтаж чадаагүй шүү дээ. Долоон жилийн хугацаанд… Хүүхэддээ цаг гаргаад, эх хүний хариуцлагаа үүрсэн шиг үүрэх цаг гардаг нь хэд билээ.
-Үргэлж тэмцээн, бэлтгэл гээд завгүй байдаг уу?
-Тэгдэг. Сая тэмцээнд явахдаа хүүхдээ найзындаа үлдээгээд явсан. Ер нь тэмцээнд явахад, бэлтгэлтэй үед аав, ээж хоёр минь харж өгдөг.
Хоёр жилийн дараа болох олимпод би өнөөдрийн бэлтгэлээ сайн хийж, юунд ч санаа зовохгүй тэмцээнд явж, бэлтгэл хийж байж л зорилгодоо хүрнэ шүү дээ. Тэгэхгүй ингээд тэмцээнд явахын тулд зардлаа хайгаад, жин их хасах хэцүү. Таван кг-аас дээшээ хасахаар сэтгэл зүйд өөрчлөлт ордог, хямардаг.
-Пара тамирчдыг эрүүл тамирчдын дайтай дэмжихгүй, амжилтыг нь дутуу үнэлж байна гэх шүүмжлэл багагүй гардаг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?
-Үнээн, харагдаж байгаа, бодит байдал нь шүү дээ. Гэхдээ эрүүл тамирчдыг илүү дэмжиж байгаа хүмүүсийн буруу биш. Паралимп, парализмын төрлүүд, пара тамирчид өөрсдөө нийгэмд сайн танигдаагүй байгаатай холбоотой. Таниулж эхэлж байгаа анхдагч нь би, пара таеквондогийн спорт өөрөө болчихлоо. Мэдээж анхдагчаа хэрхэн хүлээж авах, ямар байдалтай амьдруулж, хэр дэмжиж эсэхээс дараа, дараагийн тамирчид тухайн спортыг сонгох, тууштай хичээллэхэд нөлөөлнө.
-Пара спортын анхны эмэгтэй Гавьяат тамирчин болсон амжилтыг тань одоогоор харьяа холбоо, байгууллага, хувь хүмүүс хэрхэн шагнаж, урамшуулаад байгаа вэ?
-Одоохондоо яг тоймтой шагнаж, урамшуулсан зүйл алга. Анхдагч боллоо, гавьяат цолыг минь яаж мялаах нь уу гэж хардаг л юм байна. Ганцхан миний бус тамирчин бүхний л хүлээдэг, хүсдэг зүйл шүү дээ. “За, одоо гавьяат болчихвол. За, одоо дэлхийн аварга болчихвол нутаг ус минь харчих болов уу, тэр гишүүн дэмжих болов уу, энэ байгууллага маань мялаах болов уу. Холбоо минь тэгчих болов уу” гээд горьдоно шүү дээ, горьдоно.
Би одоо хүүхэдтэй хамт түрээсийн байранд амьдардаг. Амьдралд минь дэм, тусламж хэрэгтэй байгаа. Үнэхээр хэрэгтэй байгаа. Ичих юу байх вэ. Ичиж байна, айж, зовж байна гэвэл боломж шүүрч авч чадахгүй шүү дээ. Боломжтой учрахгүй шүү дээ.
Ноднингийн шинэ жилээр ээж над дээр ирээд, уйлсан юм. “Ишш, сонин нийгэм болчихож дээ. Нэг залуу өргөмжлөл барьчихсан уйлаад явж байх юм. “Аав аа, хүүгийнх нь 10 жилийн хөдөлмөрийг канондсан ийм цаасаар үнэлж байна шүү дээ. Өнөөдөр надад ийм л юм өглөө. Өөр юу ч өгсөнгүй” гээд уйлаад явж байна. Ээж нь санамсаргүй сонсчихлоо. Тэгээд бодлоо. Охин минь жил бүр шилдэг боллоо гээд цаас, цом хоёр бариад ирдэг. Яг ингэж санагддаг байх даа гэж бодон, охиноо өрөвдлөө гэсэн.
-Зөвхөн тамирчдад бус бүхий л салбарынхан шилдэг болоход өргөмжлөл бус амьдралд нь хэрэг болохуйц бодит дэмжлэг чухал санагддаг. Оны шилдгээр тодорсон тамирчинд байр орон сууц бэлэглэхгүй юм гэхэд тэмцээний зардлыг нь шийдээд өгвөл бодит дэмжлэг болно шүү дээ.
-Ёстой тийм шүү дээ. Өргөмжлөл авах гоё уу гоё. Гэхдээ амьдралд ямар нэмэртэй билээ. Хүн хөдөлмөрлөснийхөө төлөө үнэ цэнийг мэдрэх ёстой шүү дээ.
-Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй хүүхдээ өсгөхийн хажуугаар спортоор хичээллэх, амжилтын төлөө зүтгэх амаргүй. Тэгээд энэ олон жилийн хугацаанд дэлхийн чансааг тэргүүлж, дэлхийд манлайлах бүр ч амаргүй. Таны амжилтын нууц юу вэ?
-Хатуужил юм болов уу. Би тэмцээнд оролцохоор очихдоо ямар нэгэн муу зүйл болвол, ар гэрт таагүй зүйл тохиолдвол битгий хэлээрэй гэж ээж, аавдаа, багшдаа хэлдэг. Аймар хатуу байгаа биз. Ямар сайндаа сая тэмцээнд оролцож байхад хүү минь хагалгаанд орсныг ээж хэлээгүй байсан. Монголдоо ирээд, гэр рүүгээ явж байхад хэлсэн.
-Таны санааг зовоочихно гэж бодож.
-Тэгсэн байна лээ. “Хүү минь хагалгаанд орж байхад би мэдээгүй байж” гээд харамсдаг уу харамсдаг. Спорт ийм хатуу, харгис. Нөгөө талаар хэрвээ тэмцээний үеэр “Хүүхэд чинь өвдчихлөө” гэсэн бол би тэмцээндээ сайн оролцож, төвлөрч чадахгүй.
Нэгэнт миний охин зориод оччихсон юм чинь тэмцээнээ дуусгаг гээд гүрийсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр тамирчин хүний амьдрал тийм л хатуу. Эргээд ирэхгүй, эргээд энэ цаг хугацаанд би очихгүй шүү дээ. Амжилт, ажил хоёр өөр юм байна гэдгийг одоо ойлгож байна. Дэвжээн дээр би ялагч. Үргэлж ялахын төлөө тэмүүлсээр, түүндээ хүрсээр ирсэн. Харин амьдрал дээрээ би ялагдагч шүү дээ. Ялагч байж чадахгүй байгаа.
-Хоёулангийнх нь ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Манай “Ялагч” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт оролцож, ярилцсан танд баярлалаа. Шинэ оноо сайхан угтаарай.
-Маш их баярлалаа. Та бүхэн минь шинэ оноо эрч хүчтэй, сайхан бүхнээр хүрээлүүлж, гэгээлэг, эерэг бүхний түгээгч нь байж, цаг хором мөч бүхэнд аз жаргалтай, сайн сайхан бүхний эзэн байж, шинэ оноо сайхан угтаарай.