
Баасан гарагт Парис хотын төвд байрлах Курдын соёлын төвд зэвсэгт этгээд халдлага үйлдсэний дараа эсэргүүцлийн жагсаал өрнөжээ.
Жагсагчид машинуудыг хөмөрч, заримыг нь шатааж, цагдаа нар руу юм шидсэн байна. Офицерууд хариуд нь нулимс асгаруулагч хий цацаж, цагдаа болон жагсагчдын хооронд багагүй мөргөлдөөн үүссэнийг хэвлэлүүд мэдээлж байна. Тодруулбал, Баасан гарагт Курдын соёлын төв болон ресторанд болсон халдлагын улмаас гурван хүн амиа алдсан юм. Сэжигтэн 69 настай цагаан арьст эр дараа нь өөрийгөө гадаадынхныг үзэн яддаг арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч байсан гэж мэдэгдсэн гэж цагдаагийн эх сурвалж Франс Пресс агентлагт ярьжээ. Уг хэргийн дараахан үймээн эхэлж, олон нийтийн сүлжээнд цацагдсан бичлэгт хүмүүс гудамжны голд гал асааж, машины цонхыг хагалж байгааг харуулсан байна.Бямба гарагт болсон хүчирхийлэл олон зуун курдууд Парисын төвд ийнхүү цугларахад хүргэжээ.
Сэжигтэн болох тэтгэвэрт гарсан галт тэрэгний машинист эрийг цагдаа нар байцаасаар байна. Түүнийг хүн амины хэрэг, алахыг завдсан хэрэгт сэжиглэн саатуулж байгаа бөгөөд одоо арьс өнгөөр ялгаварлан гадуурхах зорилготой үйлдэл хийсэн хэргээр нэмж шалгаж байгаа юм.
Тэрээр өмнө нь зэвсгийн гэмт хэрэг үйлдсэн түүхтэй бөгөөд уг халдлагыг үйлдэхээс хэдхэн хоногийн өмнө батлан даалтад гарсан нь тогтоогджээ.Өнгөрсөн жил түүнийг Францын нийслэл дэх цагаачдын хуаранд илдээр халдсан, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах хүчирхийлэл үйлдсэн хэргээр буруутгаж байсан юм.
SOURCE: BBC, DW