Ираны хүний эрхийн томоохон тэмцэгч шоронгоос захидал бичиж, саяхан болсон засгийн газрын эсрэг жагсаалын үеэр баривчлагдсан эмэгтэйчүүд хэрхэн бэлгийн болон бие махбодийн хүчирхийлэлд өртөж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг ВВС-д өгсөн байна.
Наргес Мохаммади сүүлийн үед эсэргүүцлийн жагсаалын улмаас энэ төрлийн хүчирхийлэл Ираны шоронд ихээр болж буйг онцолжээ.Тэрээр Тегераны Эвин шоронд удаан хугацаагаар ял эдэлж байгаа юм. Н.Мохаммади бол Нобелийн шагналт Ширин Эбадигийн Хүний эрхийг хамгаалагчдын төвийн дэд тэргүүн. Тэрээр 2011 оноос хойш хэд хэдэн удаа шоронд хоригдож байсан бөгөөд одоо "суртал ухуулга тараасан" хэргээр шоронд хоригдож байна. Энэ жил тэрээр мөн BBC-ийн онцлох 100 эмэгтэй буюу дэлхийн өнцөг булан бүрээс урам зориг өгсөн, нөлөө бүхий 100 эмэгтэйн нэр хүндтэй жагсаалтад багтсан билээ. Н.Мохаммади шиг ганцаарчлан хоригдоогүй Ираны улс төрийн хоригдлууд гэр бүл эсвэл хамтран зүтгэгчдээрээ дамжуулан гадаад ертөнцтэй харилцах ийн боломжтой байдаг.
Тэрээр BBC-д өгсөн захидалдаа саяхан болсон жагсаалын үеэр баривчлагдсан зарим эмэгтэйчүүдийг Эвин шоронгийн эмэгтэйчүүдийн тасагт шилжүүлснийг бичжээ. Энэ нь түүнд тэдний амссан хүчирхийллийн талаарх цочирдом дэлгэрэнгүй мэдээллийг сонсох боломжийг олгожээ. Тодруулбал, бас нэгэн алдартай идэвхтэнг хамгаалалтын албаныхан шорон руу аваачиж явахдаа зэрлэг балмадаар хүчирхийлэл үйлдсэн тухай мэдээлсэн байгаа юм. 22 настай Махса Амини есдүгээр сард Иран эмэгтэйчүүдийн хувцаслалтын дүрмийг зөрчсөн хэргээр баривчлагдаж байгаад нас барснаас болж эсэргүүцлийн жагсаал орон даяар болоход хүрсэн.Түүнийг “хижаб” буюу толгойн алчуураа “буруу” зүүсэн хэргээр есдүгээр сарын дундуур ёс суртахууны цагдаа нар саатуулсан юм.
Жагсаалаас болж 500 гаруй хүн, түүний дотор 69 хүүхэд амь үрэгдэж, олон мянган хүн баривчлагдсан. Мөн Ираны аюулгүй байдлын олон арван албан хаагч амиа алдсан гэх мэдээлэл байгаа юм. Баривчлагдсан хүмүүсийн олонх нь шоронд байхдаа эрүү шүүлт болон бусад зүй бус зүйлтэй тулгарч байгааг ийнхүү хэвлэлүүд мэдээлсээр байгаа юм.
SOURCE: BBC