"…Монгол төр 2022 оны төгсгөлд иргэдийнхээ үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг харгисаар хумьж, “булшиллаа”. Энэ бол Төрийн ордны хашаа биш, хэн нэг гишүүний хувийн эдлэн ч биш. Харин нийтийн эзэмшлийн талбай юм. Гэвч Сүхбаатарын талбай эль хуль, хоосон байна. "Засгийн газрыг бүү муул" гэж пайз хатгаж орхисноос ялгаагүй үйлдэл боллоо. "Сөрөг хүчин" тоймын шинэ дугаарыг хүргэж байна.
Өнгөрч байгаа долоо хоногт төр үзэл бодлоо илэрхийлэхээр цугласан иргэдээ хүчээр тарааж, хүний эрхийн мэдрэмжгүй, хэт түрэмгийлсэн шийдвэр гаргалаа. Нүүрсний хулгайн асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол эхлэхтэй зэрэгцээд, залуус дотогш оруул хэмээн шаардаж, төрийн ордны хаалган дээр хувцсаа тайлж эсэргүүцэл илэрхийлсэн юм.
Удаан хугацаанд гадаа суусан залууст эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай хэмээн тайлбарлаж, тэднийг хүчээр авч явсан. Гэхдээ тэднийг эмнэлэгт биш, түр саатуулах байранд аваачиж, байцаалт авсан нь анхаарал татсан явдал боллоо. Хэдийгээр эмх замбараагүй байдал бий болгохыг завдсан гэх үндэслэлээр тэднийг буруутгаж болох ч гэлээ, зүй ёсны шаардлага тавих боломжийг нь албан хүчээр хаалаа. Залуусыг үдээс хойш сулласан ч Сүхбаатарын талбайд дахин ирсэн гэдэг шалтгаанаар албан хүчээр баривчилсан юм. Улмаар, жагсаалыг албадан тарааж, төв талбайг бүрэн чөлөөллөө. Яагаад тайван замаар суулт зарлаж болохгүй вэ гэдэг хариулт өгөх хүн байсангүй. 18 хоногийн дараа цагдаа хүчнийхний сүр хүчийг үзүүллээ. Товчхондоо,төр нүүрсний хулгайн асуудлыг хэн ч шүүмжилж болохгүй аятай аашилж, Ерөнхий сайд ярьсан хэлсэн зарчмаасаа ухарлаа. Хүний эрхийн мэдрэмжгүй, хамгийн харгис төрийн жишээг тэд харууллаа.
ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛ ЯМАР Ч ҮР ДҮНД ХҮРСЭНГҮЙ
Сүхбаатарын талбайд ийм явц өрнөж байх зуур Төрийн ордны их танхимд Ерөнхий хяналтын сонсгол боллоо. Гэсэн ч зохион байгуулалтаасаа эхлээд л хэл ам дагуулж, эмх замбараагүй байдал үүслээ. Бүхэл өдрийн турш иргэд индэрт гарч, уур бухимдлаасаа тайлснаас биш, энэ гээд хариулчих шийдэл тэнд харагдсангүй. Хуулийн байгууллагынхан ирсэн ч нөгөө л өмнө нь өгчихсөн мэдээллээ давтаж, олон нийтийг дэмий л хуурлаа. Хамгийн гол нь, сонсголд ирэх ёстой хүмүүс нь ирсэнгүй. Зүй ёсоор бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар суух учиртай байлаа. Гэвч тэд урдаа хэдэн хүнээ шидэж өгчихөөд, ардаа өөрсдөө нуугдлаа. Уг нь Ерөнхий сайд өөрийгөө анх шүгэл гэж тэмцлийг өмчлөх гэж өөрсдөө алга ташуулах гэж оролдож байгаа. Харин нөгөө хоёр хүнийх нь тухайд нүүрсний нууц гэрээ байгуулахад гол оролцоотой байсан. Нөгөө талаар сөрөг хүчин АН-ынхан сонголд оролцох учиртай байв. Гэвч хулгайд холбогдсон Бат-Эрдэнэ, Адъяасүрэн гишүүнээс авахуулаад өөрсдийн хүмүүсээ өмөөрч, танхимаас гарч зугтлаа. Яалтгүй ч хоёр намаараа нийлээд хийчихсэн хэрэг учраас тэд хэн хэндээ ч шаардлага тавьж, зоригтой үг дуугарч чадахгүй, дөлж бултсаар таарлаа. Үймүүлж, бусниулахыг завдсан цөөнгүй хэдэн хүнтэй, ирэх ёстой хүмүүс нь ирээгүй, ямар ч үр дүнгүй, нэр төдий алхам байлаа гэж дүгнэж байлаа.
ЭРХ БАРИГЧИД ИРГЭДИЙНХЭЭ “АМЫГ БАРЬЖ”, СҮХБААТАРЫН ТАЛБАЙГ ХАШААЛЖ АВЛАА
Монгол төр 2022 оны төгсгөлд иргэдийнхээ үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг харгисаар хумьж, “булшиллаа”. Сүхбаатарын талбай хоосон байна. Хуулийн хүрээнд хэм хэмжээгээ баримталсан л бол хэн ч төв талбайд очоод үгээ хэлэх эрхтэй. Энэ бол Төрийн ордны хашаа биш, хэн нэг гишүүний гэр биш. Харин нийтийн эзэмшлийн талбай юм. Нүүрсний хулгайн хэрэг ялангуяа, Засгийн газрын гишүүд рүү, эрх баригч нам руу, төрийн өнөөгийн ялзарсан бодлого руу чиглэх үед цагдаа, хүчний байгууллагууд жагсагчдыг харлуулж, намнах ажиллагаагаа эрчимжүүллээ. Хувцсаа тайлсан иргэд 2 тэрбум төгрөг авсныг тогтоолоо гэсэн мэдээг оройжингоо түгээж, улмаар иргэдийг хоморголон баривчиллаа. Улмаар, жүжигчин У.Цогтбаярын эгч жагсагчдыг санхүүжүүлсэн хэмээн баримтгүй гүтгэлэг тарааж, Сүхбаатарын талбайд ийнхүү хоосоллоо. Эрх баригчид шүүхээс тогтоогоогүй л бол хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэж өөрсдийгөө өмөөрдөг. Гэвч, жагсаал, суулт зарласан иргэдийг зохион байгуулалттайгаар харлуулж, талбайг тойруулан хашааллаа. “Энэ бол Анхаар! Засгийн газрыг, эрх баригч намыг шүүмжлэхийг хатуу хориглоно” гэж талбай дээр пайз хатгаж орхисноос ялгаагүй байлаа. Айлган сүрдүүлэх замаар иргэдийн амыг үдэж буй Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар өөрсдөө хоёрхон жилийн өмнө энэ талбайд цуглаж, дабль стандарт гэдгийг утгаар нь хэрэгжүүлж, 40 гэр барьж тухалж байлаа. Гэвч эрх мэдэлд хүрснийхээ хойно жирийн иргэд саатуулах байр руу аччихаад санаа амар сууж байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.