Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын бүтэц, чиг үүргийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Тус байгууллагын дарга нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга байх ба Ерөнхий хянан шалгагч гэсэн албан тушаалыг давхар хаших юм. Түүний бүтцэд үнэлгээ мониторингийн, тандалт судалгааны, хяналт шалгалтын, хуулийн, менежментийн, дотоодын хяналтын гэсэн багууд ажиллах аж. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан уг байгууллагын чиг үүргийн тухайд “Бид төрд шинэ уур амьсгал авчрахыг зорьж ажиллаж байна. Энэхүү байгууллага нь өмнөх шигээ хяналт шалгалтыг урьдал болгохгүй. Өмнө нь Төрийн хянан шалгах хороо гэж байсан. Тэр үе рүүгээ ороод байна уу хэмээн иргэд ярьж байна.
Уг байгууллагын үндсэн нэг чиглэл нь төрөөс иргэнд үзүүлж буй үйлчилгээнд үнэлгээ хийх явдал юм. Мөн хууль хэрхэн хэрэгжиж байгаа болон төр иргэндээ үйлчилж байгаа эсэхэд тандалт судалгаа хийж, түүндээ үндэслэн хууль боловсруулдаг жишигт шилжих юм. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг төрийн бүх шатны байгууллагад явуулдаг болно. Энэ хүрээндээ тухайн байгууллага, албан тушаалтан, албан хаагч болоод хуулийн цоорхойгоос хамаарч доголдол үүсэж байна уу эсвэл иргэд төртэй харилцах харилцаандаа мэдээлэлгүйгээсээ болж хүндрэл бэрхшээл үүсэж байна уу гэдэг дээр тандан судалж, тодорхой хүрээний хуулиудыг өргөн барьдаг болох юм. Нэг ёсондоо энэ байгууллагын үндсэн үйл ажиллагааны 20-30 хувь нь хяналт шалгалтад, 60-70 хувь нь урьдчилан сэргийлэх, тандан судлах, амьдралд нийцлийг олоход чиглэгдэнэ” гэлээ.