Сөрөг хүчингүй шахам УИХ, олонхийг бүрдүүлсэн эрх баригч намынхан хэрхэн дураараа дургидгийн жишээг бид нийтээрээ харж байна. МАН 2016 оноос хойш тасралтгүй зургаан жил засаглахдаа ЖДҮ-ийг хөгжүүлэх санг хоосолсон зэргээс авахуулаад төрийн мөнгийг хувьдаа завшсан олон хэрэг ар араасаа цуврав. Гэвч хэн ч хариуцлага хүлээлгүй үлдээд байна. Хамгийн сүүлд л гэхэд нүүрсний хулгайн хэрэг гарахад АН-ынхан бас л сурагч чимээгүй нам гүм байна. Талбай дээр олон нийт хариуцлага нэхэж, хүйтэн шалан дээр 20 шахам хоноход ч тэд чихээ дараад өнгөрлөө. Ингэх тусам нь эрх баригчид оодорч “Хэн ч бидэнд хариуцлага тооцохгүй. Цугласан цөөн хэдэн хүнийг хүчээр тараачих юм чинь” хэмээн бах таваа хангав. Тэдэнд ийм боломжийг АН-ынхан бүрдүүлж өглөө.
Парламент дахь сөрөг хүчний нам гэдэг эрх баригчдад хяналт тавьж, буруу бодлогыг нь “хазаарлаж”, хяналт тавьж байх үүрэгтэй. Гэвч тэд намынхаа дотоод зөрчлийг шийдвэрлэж чадахгүй, хэдэн тийш хараад суучихсан байна. Өөрөөр хэлбэл, олон нийт тэдэнд үнэмлэхүй олонхид хяналт тавьж өгөөрэй хэмээн бүлэг байгуулах хэмжээний суудлыг өгсөн ч тэд өөр өөрсдийн эрх ашиг, хувийн амбицыг нэгдүгээрт тавьж, эрх баригчид хууль бус зүйлийг хийх боломж нөхцөлийг бүрдүүлж өглөө.
АН-ын зөрчил. Үүнийг эрх баригч намын “урхи” гэж харж болно. Намын хэсэг нөхөд нь эрх баригч намдаа үйлчилсэн тохиолдолд тэд амжилт олж, сөрөг хүчин шиг, нам шиг байх боломжгүй юм. Гэхдээ тэд өөрсдийн аминч үзлээ дарж, сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүргээ санах ёстой. С.Эрдэнэ, аль эсвэл О.Цогтгэрэл, бүр өөр нэгэн байсан ч хамаагүй. Тэд дотооддоо л асуудлаа нэн даруй шийдэх учиртай. Гэвч тэд ойлголцож чадалгүй, дотоод эрх мэдлийн төлөө үхэн хатан зүтгэцгээж, үүргээ мартлаа. Тиймээс ч хуулиас давсан эрх баригчдын нэгэн адилаар хариуцлага хүлээх ёстой субъект нь ардчилсан нам болж таарч байна.
Нүүрсний хэрэг 10 жилийг дамнахад Ардчилсан намын цөөнгүй хүн үүнд орооцолдсон байдаг. Уг нь тэд Ерөнхий хяналтын сонсголын үеэр сөрөг хүчний үүргээ бүрэн утгаараа гүйцэтгэж, эрх баригчдыг улалзуулж байх учиртай байлаа. Гэвч УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл өөрийн гишүүдээ хамгаалж, мэдэгдэл хийсэн болчихоод гарч явсан. Нөгөө талдаа, тэд Сүхбаатарын талбайд тэмцэж буй залуустаа хүч өгөх ёстой, зөв өнцгийг нь хуулийн хүрээнд зохист байдлаар дэмжих ёстой байсан ч талбай дээр тэдний хэн нь ч үзэгдсэнгүй. Товчхондоо, сөрөг хүчин биш, өөрсдийн хулгайн хэрэгтнүүдийг өмгөөлөхөөр яарснаас өөрөөр юу ч хийсэнгүй. Тэд УИХ-д сөрөг хүчин гэж хэлүүлэх эрхгүй гэдгээ дахин харууллаа. Эрх баригчидтайгаа үгссэн сөрөг хүчний гишүүдээс давхар хариуцлага нэхье. Хууль бус бүхэн гаарахад АН-ынхан ч үлэмж их нөлөө үзүүллээ. Хариуцлагаа үүрэхийг олон нийт та бүхнээс шаардаж байна. Та бүхэн улсынхаа эрх ашгийг хойгуур эрэмбэлж, өөрсдийнхөө эрх ашгийг нэгдүгээрт тавьснаас болж, нийгэм уруудан доройтож байна, өдрөөс өдөрт.