Афганистаны Талибуудын удирддаг дээд боловсролын яам эмэгтэй оюутнуудыг их дээд сургуульд элсүүлэхийг хориглож байгаагаа мэдэгдлээ. Дээд боловсролын сайд Неда Мохаммад Надеем гарын үсэг зурсан төрийн болон хувийн бүх их, дээд сургуулиудад илгээсэн захидалд "Эмэгтэйчүүдийн боловсролыг дараагийн тодорхой мэдээлэл өгөх хүртэл түдгэлзүүлэх тухай дурдсан тушаалыг нэн даруй хэрэгжүүлэхийг та бүгдэд мэдэгдэж байна" гэсэн байна.
Уг захидлыг твиттер хуудсандаа нийтэлсэн тус яамны хэвлэлийн төлөөлөгч хэд хэдэн томоохон мэдээллийн агентлагт энэ тушаал үнэн гэдгийг ийнхүү баталжээ. НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик энэ үйлдлийг "маш учир дутагдалтай шийдвэр" гэж тодорхойлсон. Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Нью-Йорк хотноо Афганистаны асуудлаар хуралдаж байх үед тус улсын эрх баригчид уг шийдвэрээ зарлажээ.
АНУ болон Их Британийн НҮБ-ын дэргэд суугаа элчин сайдууд энэ үйлдлийг нэн тэргүүнд буруутгаад байна. Тодруулбал, НҮБ-ын дэргэд суугаа АНУ-ын орлогч элчин сайд Роберт Вүүд “Талибууд бүх афганчуудын эрхийг, ялангуяа охид, эмэгтэйчүүдийн үндсэн эрх, эрх чөлөөг хүндэтгэхээс нааш олон улсын хамтын нийгэмлэгийн хууль ёсны гишүүн болно гэж найдах хэрэггүй” гэсэн байна.
SOURCE: AL JAZEERA