Эвлэлдэн нэгдэх, тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх нь иргэний Үндсэн хуулиар олж авсан үндсэн эрх. Гэвч төр иргэдийн энэ эрхэнд дахин халдаж, төв талбайд цуглаад байсан иргэдийг албан хүчээр тараалаа. Энэ үйлдэл нь төр асуудлаа дарахын тулд хэрхэн хүч хэрэглэж, асуудлыг механик аргаар намжаах гэж оролдож байгаагийн тод жишээ боллоо.
Өчигдөр Төрийн ордонд нүүрсний хулгайн асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол болсон. Сонсголд оролцохоор очсон залуус дотогш оруул хэмээн шаардаж, Төрийн ордны гадна хувцсаа тайлж нүцгэлэв. Осголтын нэгдүгээр зэрэгтэй, амь насанд нь эрсдэлтэй байсан тул тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлэхээр хүчээр авч явсан. Гэвч тэднийг эмнэлэгт хүргэх бус, түр саатуулах байранд хүргэж байцаалт авчээ. Үүний дараагаар шаардлагатай эмнэлэгт нь хуваарилсан гэж байгаа ч бодит байдал үүнээс ч зөрүүтэй байлаа.
Нээлттэй сонсгол оройн 22 цаг хүртэл үргэлжилсэн. Сонсгол дуусахаас өмнө төв талбайд цөөнгүй иргэн үгээ хэлэхээр ирсэн байлаа. Үүн дотор төрийн ордны гадна хувцсаа тайлж эсэргүүцсэн иргэд ч байсан юм. Гэвч тэднийг бас л албан хүчээр баривчилж, ачиж дугтчин авч явлаа. Талбай дээр цугласан бүх хүнийг ганц нэгээр нь авч явсаар жагсаалыг тарааж орхилоо. Товчхондоо, цагдаагийнхан дарга нарынхаа даалгавраар иргэдийн үгээ хэлэх эрхэнд бүдүүлгээр ханд. “Одоо наадуултайгаа жаахан хатуухан ярь” хэмээн цагдаагийнханд тушаал өгч байв.
“ХОЁР ТЭРБУМААР ХУДАЛДАГДЖЭЭ” ХЭМЭЭН МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭВ
Төрийн ордны үүдэнд дээр сонсгол үймүүлэхээр ирсэн хүмүүс ч цөөнгүй байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ тэднийг бүгдийг нь худалдагдсан, хоёр тэрбумын өртгөөр талбай дээр хүмүүс цуглуулчихлаа гэж мэдээлэл тарааж, иргэдийг гүтгэх нь бас нэгэн байж боломгүй үйлдэл байлаа. Энэ мэдээллээ олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттай тарааж байсан нь хачирхалтай. Товчхондоо эндээс “Төр өөрийнхөө алдааг дарахын тулд юуг ч хийж мэдэх нь. Жагсагчдыг хэлмэгдүүлж ч мэдэх нь” гэх өнцөг харагдаж байлаа. Төр албан хүчээр 18 өдөр үргэлжилсэн иргэдийн жагсаал тэмцлийг хүчээр албадан тарааж, хүний эрхийн мэдрэмжгүй байж боломгүй үйлдэл гаргалаа.
Жагсагчид мөнгө авсан эсэхийг гагцхүү шүүх тогтооно. Гэтэл төр нь зохион байгуулалттайгаар мэдээлэл тарааж, нийгмийн сүлжээгээр иргэдийг яллалаа. Эрх баригч МАН-ынхан буруу бодлогоо хэзээ хүртэл ингэж нууж, иргэдийнхээ үндсэн эрхийг уландаа гишгэх вэ? Иргэд ямар ч асуудал хөндөж болно. Гагцхүү хуулийн хүрээнд үгээ хэлээд зогсох эрхийг төр өөрт нь үлдээх учиртай.