Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Беларусийн нийслэл Минск-д айлчилсан. Хамгийн сүүлд 2019 онд айлчилснаас хойш хоёр талын төрийн тэргүүнүүд ийнхүү гурван жил хагасын дараа биечлэн уулзаж байна. Үүнтэй холбогдуулан Украины албаныхан ОХУ шинэ халдлага хийхээр бэлтгэж магадгүй гэсэн болгоомжлолын улмаас Беларусь улстай хилийн хамгаалалтаа чангатгаж байна гэж мэдэгдсэн.
Тодруулбал, дотоод хэргийн дэд сайд Евгений Йенин “Украины тал Беларусийн хилийг зэвсэгт хүчин, сум хэрэгслээр бэхжүүлнэ” гэж хэлсэн байна.
Беларусь нь Орос, Украин аль алинтай нь хиллэдэг.
Нөгөө талд, ОХУ-ын Ерөнхийлөгч Оросын талын хил хязгаарыг бэхжүүлэхийг мөн үүрэг болгоод байна. Тэрээр аюулгүй байдлын албаныханд хандаж Оросын хилийг зөрчих оролдлогыг түргэн таслан зогсоож, гадны аюултай тэмцэх, урвагч, хорлон сүйтгэгчдийг илрүүлэх нь нэн тэргүүний зорилт гэдгийг тодотгожээ.Мөн ОХУ өөрийнх гэж мэдэгдээд байгаа Украины зарим хэсэгт амьдарч буй хүмүүсийн аюулгүй байдлыг тусгай албад хангах ёстой гэж нэмж хэлсэн. Эдгээр бүс нутгуудын заримд, ялангуяа Херсон хотод саяхан Оросын цэргүүд томоохон ухралт хийхэд хүрсэн билээ. Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам Беларусь улсад байрлаж буй цэргүүд нь Беларусьтай хамтарсан цэргийн сургуулилт хийнэ гэж мэдэгдсэн нь Украины дайнд Беларусийн цэргүүдийг татан оруулах вий гэсэн болгоомжлолыг төрүүлээд буй. Беларусь улс дайнд шууд оролцоогүй ч хоёрдугаар сард Оросын цэргүүдэд газар нутгаа ашиглахыг зөвшөөрсөн юм.
SOURCE: BBC