Танихгүй хүмүүстэй цахимаар танилцаж, нэрээ нууцалж үнсэлцдэг шинэ үерхлийн хэлбэр Хятадад эхэлжээ.
Олон тооны залуус огт танихгүй хүмүүстэй үнсэлцэж байгаатай холбоотойгоор англиар "амны найзууд" гэсэн утгатай zui you гэдэг нэр томъёо Хятадын олон нийтийн сүлжээнд үзэгдэх болсон байна. "Амны найз"-тай уулзах дүрэм нь их энгийн. Тэдний харилцаа зөвхөн үнсэлцэх явдлаар хязгаарлагдах бөгөөд ямар нэг өөр харилцааны эхлэл эсвэл бэлгийн харилцаатай холбоогүй.
Тодруулбал, үл таних хүнтэй уулзаж, үнсэлцсэн хүмүүсийн ихэнх нь үнсэлцсэнийхээ дараа хоорондоо холбоо бариагүй гэсэн судалгаа хүртэл гарч амжсан байна.
Их сургуулийн оюутан Гуан Ли zui you-гийн сурталчилгааг харсан бөгөөд энэ нь түүнд яг тухайн үед хэрэгтэй байсан учраас сонирхлыг нь татсан талаар хуваалцжээ. Тэрээр "Үнэндээ бид бие биенээ үнсэж байсан ч амраг болоогүй олон хүмүүсийг мэднэ. Тиймээс үнсэлцэх нь энгийн зүйл, тийм ч том асуудал биш.Одоогоор таашаал авах нь миний хувьд хамгийн чухал зүйл. Учир нь хэн нэгнийг үнсэж байхдаа би хайртай хүнээ үнсэж байгаа юм шиг мэдрэмж төрдөг” гэж шинэ чиг хандлагын талаар нээлттэй хуваалцсан байна. Тэрээр энэ талаар сонирхож байгаа Хятадын зуу зуун залуусын төлөөлөл юм. Гэхдээ энэ чиг хандлагын талаар эсрэг бодолтой залуус мөн бий.
Хятадын томоохон мэдээллийн платформ болох Weibo дээр Бээжингийн кино театрт танилцсан залуутай zui you турших гэж оролдсон өөр нэг эмэгтэй энэ чиг хандлагад шинээр орсон хүмүүст хэн нэгэнтэй биечлэн уулзахаасаа өмнө хил хязгаараа тодорхой болгож, хүлээн зөвшөөрөх боломжгүй зан авирыг тодорхойлохыг зөвлөжээ.Түүний хэлснээр “Үнсэлт нь эрүүл мэндэд аюултай. Энэ нь олон сая нян, тэр дундаа аюултай бактерийг тараах эрсдэлтэй. Тиймээс хэрэв та санаа зовж байгаа бол үнсэлцэх хүнээсээ эрүүл мэндийн үзлэгийн шинжилгээний хариуг үзүүлэхийг хүсэж болно" гэжээ.
Нэн ялангуяа, сүүлийн үед Хятадад ковид-19-ийн өдөрт илрэх тоо нэмэгдэж байгаа энэ үед zui you-г турших нь эрсдэлтэй гэж цөөнгүй хэсэг үзэж байна. Харин Нанжингийн их сургуулийн Сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол, судалгааны төвийн судлаач Фэй Жүнфэн үүний талаар “Олон залуус үерхэх туршлагагүй, өөртөө итгэх итгэл бага, өөрийгөө үнэлэх чадвар муу, итгэл үнэмшил муутай гэх мэт шалтгаанаар харилцаанд сэтгэл санааны хувьд бэлтгэгдээгүй тул zui you залуусын дунд алдартай болсон. Тэд ойр дотно харилцаатай байхыг хүсдэг ч үүнийг даван туулах чадвартаа санаа зовдог тул амлалт өгөх болон бусад сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээс айдаг. Нөгөөтэйгүүр, тэд шууд бэлгийн харьцаанд орохыг зүрхлэхгүй байна. Шинэ чиг хандлагыг дагасан залуус өөрийнхөө биеийг хүндэлдэггүй, түүнийгээ хэрэгсэл гэж үздэг гэсэн үг. Энэ бүлгийн залуусын хайр дурлал, үерхлийн талаарх сэтгэхүй нь асуудалтай гэж бодож байна” гэжээ.
Энэ мэтчилэн “амны найзууд”-ын талаарх үзэл бодлоороо залуус Хятадын цахим сүлжээнд хоёр хуваагдсан байгаа талаар SCMP мэдээллээ. Тэг Ковид бодлогыг сулруулсантай холбоотойгоор шинэ чиг хандлагыг турших залуус нэмэгдэж магадгүй гэж зарим цахим сүлжээ хэрэглэгчид мөн сануулж байна.
SOURCE: SCMP