БНАСАУ тагнуулын хиймэл дагуул бүтээх эцсийн шатны чухал туршилтыг хийсэн тухай БНАСАУ-ын төрийн мэдлийн KCNA агентлаг мэдээлсэн. БНАСАУ цэргийн тагнуулын анхны хиймэл дагуулыг 2023 оны дөрөвдүгээр сар гэхэд бүтээж дуусгахаар төлөвлөж байгаа талаар хэвлэлүүд ийнхүү онцолж эхэллээ.
Тус улсын удирдагч Ким Жон Ун өмнө нь АНУ болон түүний холбоотнуудаас өөрсдийгөө хамгаалахад тагнуулын хиймэл дагуул зайлшгүй шаардлагатай, түүнийг олж авахын чухлыг онцолж байсан. Түүнчлэн Ням гарагт хийсэн туршилтын үеэр уг хиймэл дагуул БНСУ-ын нийслэл Сөүл болон Инчоны ойролцоох зураг авсныг KCNA мөн дамжуулжээ. Энэ туршилтаар хиймэл дагуулын камерын удирдлагын технологи, сансрын орчинд өгөгдөл боловсруулах, дамжуулах хүчин чадал, хяналтын төхөөрөмж зэрэг техникийн чухал үзүүлэлтүүдийг бататгасан гэж БНАСАУ-ын төрийн мэдлийн хэвлэлүүд онцолсон юм.
БНАСАУ-ын сансар судлалын улсын байгууллага уг туршилтыг “тагнуулын хиймэл дагуул хөөргөх эцсийн шатыг маш амжилттай давлаа” гэж мөн тодорхойлсон юм. Харин шинжээчид энэ талаар арай өөр байр суурьтай байна.
Тодруулбал, Калифорниа-д төвтэй RAND корпорацын аюулгүй байдлын шинжээч Сү Ким "АP" агентлагт өгсөн ярилцлагадаа “Эхний цацагдсан зургууд нь уг хиймэл дагуулыг цэрэг армийн зориулалтаар ашиглахад шаардлага хангагдахгүй гэдгийг харуулж байна. Цацагдсан зургууд нь БНАСАУ-ын шинэ туршилт цэргийн тагнуулын ажилд үр нөлөөтэй эсэхэд эргэлзээ төрүүлж байна" гэжээ. Гэхдээ тэрээр хиймэл дагуулын туршилтын талаар “үргэлжилж буй бүтээн байгуулалт” гэдгийг онцлоод цаг хугацаа өнгөрөхийн хэрээр БНАСАУ-ын тагнуулын хиймэл дагуул сайжрах боломжтойг сануулсан байна.
SOURCE: DW