Баяр ёслолын үеэр хүүхдүүдэд чихэр, сахарын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэх тохиолдол элбэг. Энэ нь хүүхдийн амны хөндийн эрүүл байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байдаг. Удахгүй болох шинэ жилийн баяраар хүүхдүүдэд ямар бэлэг сонгох нь зохистой талаар “Удвал дент” шүдний эмнэлгийн хүүхдийн нүүр амны эмч, Анагаах ухааны магистрант А.Бөртэжингээс тодрууллаа.
Хүүхдийн шүдний өвчлөл баяр ёслолын үеэр яагаад ихэсдэг вэ?
Баяр ёслолын үеэр хүүхдийн шүдний өвчлөл эрс ихэсдэг. Ихэвчлэн шүд цоорч, цоорлын хүндрэлээр эмнэлэгт ханддаг. Удахгүй болох шинэ жилийн баяраар эцэг эхчүүд хүүхдүүддээ бэлэг өгөхдөө чихэр, шоколад, ундаа, элдэв амттан зэрэг сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдан авч өгдөгтэй холбоотой. Нэгэнт аваад өгсөн амттай бүтээгдэхүүнүүдийг хүүхэд идэж дуусгахаас өөр сонголтгүй болдог.
Сүүн шүд нь байнгын шүдтэй харьцуулахад антом, морфологийн хувьд хоёр дахин нимгэн байдаг учраас цооролд өртөхдөө, хүндрэхдээ хурдан байдаг. Эцэг эхчүүд баяр ёслолын үеэр болон бусад үед ч хоол хүнсний сонголтод анхаарч байвал шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.
Бидний өдөр тутамдаа эрүүл гэж бодож хэрэглэдэг ч шүд цооролтод нөлөөлж байдаг бүтээгдэхүүн бий юу?
Эцэг эхчүүдийн дунд нэг буруу ойлголт байдаг нь зөвхөн чихэр, шоколадыг л сахартай, тэдгээрийг шүд цоороход нөлөөлж байна гэж боддог. Хүүхдийн ам руу оруулж байгаа бүх хүнсний бүтээгдэхүүн тодорхой хэмжээний сахарын агууламжтай. Жишээлбэл, чихэртэй тараг, чацарганы шүүс зэрэг.
Эцэг эхчүүд “Манай хүүхэд ундаа уудаггүй. Хүүхдэдээ үзэмний шүүс, жимсний шүүс өгдөг” гэж их ярьдаг. Гэхдээ тэр жүүс, шүүснүүд ч байгалийн сахар агуулсан байдаг. Чихэртэй шингэн зүйл яагаад шүд цоороход нөлөөлж байна вэ гэхээр шүдний бүх гадаргууг хамардаг учраас олон талаас нь цооруулж байгаа гэсэн үг.
Хүүхдэдээ цэвэр, эрүүл жүүс өгье гэж байгаа бол өөрсдөө блиндердээд шүүс гаргаж өгөхгүй бол дэлгүүрт зарагдаж байгаа бүтээгдэхүүн заавал нэмэлт сахар агуулсан байдаг. Дээрэас нь тухайн жимс нь байгалиасаа сахартай байдаг учраас сонгохдоо алийг нь сонгох вэ, сахарын агууламж нь хэр вэ гэдгийг нь сайн харж, сонгох хэрэгтэй.
Шинэ жилээр хүүхдүүдэд ямар бэлэг сонгож өгвөл зохистой вэ?
Бэлэг гэхээр заавал амттай гэлтгүй хүүхдэд ач холбогдолтой бэлэг сонговол зүгээр. Шүдэнд ээлтэй хоол хүнс буюу бидний тогтмол хэрэглэдэг ааруул, аарц зэрэг хүнс хэрэглэвэл илүү ач холбогдолтой. Бас яагаад сойз, ОО зэрэг шүд арчилгааны бүтээгдэхүүнийг өгч болохгүй гэж. Тэр дундаа шүд эрүүлжүүлэх эрхийн бичгийг ч өгч болно.
Хүүхдийн шүдийг эмчлүүлэх нь тухайн хүүхдэд өгч буй хамгийн том хөрөнгө оруулалт болдог. Бэлэг сонгохдоо заавал амттай бүтээгдэхүүн гэсэн уламжлалт сэтгэлгээнээсээ салж, амны хөндий, шүдэнд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн, шүд арчилгааны бүтээгдэхүүн бэлэглэвэл хүүхдэд илүү ач холбогдолтой.
Мэдээлэл өгсөнд баярлалаа. Амжилт хүсье.