Монгол улсын Үндсэн хуульд зааснаар иргэн бүр үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй. Энэ эрхээ эдэлж буй иргэд эвлэлдэн нэгдэж, төв талбайд суулт зарлаад хоёр долоо хоног өнгөрлөө. Тэдний гол сэдэв нь “нүүрсний хулгай” байв. Улмаар, төрд шургалсан хулгай дээрмийг эсэргүүцсэн иргэд талбайд алгуур цугласаар тэдний тэмцлийн зорилго өргөжсөн. Нүүрсний хулгай гэх сэжмийг Засгийн газар анх гаргаж, шүгэл үлээсэн байдаг. Гэтэл тэдний яриад буй, 10 жил үргэлжилсэн хулгайд нь МАН болон АН-ынхан хоёулаа холбогдсон, одоогийн Засгийн газрын сайдууд хүртэл багтсан байв. Гэвч Засгийн газар өөрсдийн сайдуудаа хамгаалж үлдсэн мөртлөө “Бид хулгайтай тэмцэж, биднийг дэмжиж байгаад баярлалаа” хэмээн шоудсан нь ч олон нийтэд таалагдсангүй. Тиймээс олон нийт бухимдаж “Жинхэнэ хулгайчаа зарла” хэмээн шаардсаар байна. Нөгөө талдаа ажилгүйдэл, ядуурал туйлдаа хүрснийг эсэргүүцэж, иргэд дор бүрнээ үгээ хэлсээр байна.
Сүхбаатарын талбайд өнөөдөр 5 эсвэл 10 хүн ч цуглаж болно. Эсвэл 10,10 мянгуулаа ч очиж болно. Тэд юу ч шаардаж, юуг ч шүүмжилж болно. Учир нь хүмүүс өөрсдийн эрхээ эдэлж байгаа хэрэг юм. Иргэд нүүрсний хулгайгаас гадна Засгийн газрын бусармаг байдлыг шүүмжилсээр байхад тэд юман чинээ тоохгүй, харин ч иргэдээ ад үзэх болов. Өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Би сүүлдээ жагсагчдын шаардлагыг ойлгохоо байлаа. Жагсаал цуглаан гэдэг Үндсэн хуулийн дагуу явагдах ёстой. Гэвч энэ жагсаал улстөрийн өөр агуулгатай болж байна уу гэж харж байна” гэж мэдэгдэв. Түүнийхээр бол талбай дээр жагсахын тулд бүгд нэгэн дуугаар Засгийн газраа магтан дуулах ёстой болж таарч байна. Түүний хувьд өмнө нь ч жагсагчдыг үл тоомсорлож, бах таваа хангасан удаатай. Тухайлбал “Талбайн жагсаал хэт тансаг болж байна” хэмээн хүйтэн гэрт ядарч суугаа иргэдээ басамжилж байв. Мөн хотын даргатай үгсэж Сүхбаатарын талбайд гэр барих зөвшөөрөл олгохгүй, жагсаж буй иргэдийг хэрхэн тамласныг ч олон нийт мэдэж байгаа.
Ийнхүү эрх баригчид, тэр дундаа Хууль зүйн сайд нь өөрөө хүртэл иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхэнд бүдүүлгээр халдсаар байна. Хамгийн эмгэнэлтэй нь эрх баригчид “Өөрсдийг нь дэмжсэн хүнийг л талбай дээр гарах эрхтэй. Бусад нь гэртээ харь гэх” басамжлан доромжилсон өнгө аястай байгаа нь эндээс анзаарагдаж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд аа! Үндсэн хуулиа эхлээд уншина уу. Эндүүрэл, хийрхлээ яаралтай засна уу.