Бага насны хүүхдэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдсан гэмт хэрэгт иргэн Б-г холбогдуулсан хэргийг шүүхэд ирүүлжээ.
Иргэн Б гэр бүл салсны дараа таван настай хүүгээ хэд хоног харахаар болсон байна. Энэ үедээ согтууруулах ундаа хэрэглэж, хүүгээсээ “чи надад хайртай юу” гэж асуужээ. Хүү нь энэ мэт асуултаас залхаж “хайргүй, та миний аав биш” гэж хариулсан байна. Согтуурсан иргэн Б салсан эхнэр лүүгээ “энэ миний хүүхэд биш, аав нь өөр хүн байдаг гэнэ. Энэ зулбасгаа ирж авахгүй бол алчихна шүү” гэж утсаар ярин сүрдүүлжээ.
Үүний дараагаар хөрш айлын эмэгтэй хүүхэд уйлах чимээнээр тагтан дээрээ гарахад иргэн Б хүүхдээ тагтнаас бүтэн биеэр нь гарган доош унжуулж хөлөөс нь барьсан байдалтай байгааг харжээ. Энэ үед хүүгийн ах ирж энэ үйлдлийг зогсоосон байна.
Иргэн Б-ын үйлдэл нь хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдэхийг завдсан шинжийг хангасан гэж шүүх үзэн, гэм буруутайд тооцон зургаан жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх