Ираны эрх баригчид тус улсын хамгийн алдартай жүжигчдийн нэгийг засгийн газрын эсрэг жагсагчидтай эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлсний дараа баривчилжээ. Тодруулбал, Таране Алидоостийг Ираныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөний талаар "худал мэдээлэл тараасан" хэргээр саатуулсан гэж тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Тэрээр өнгөрсөн долоо хоногт Инстаграм хуудсандаа жагсаалд оролцсон нэг хүнийг цаазалсан явдлыг буруушааж, үзэл бодлоо илэрхийлсэн юм. Жүжигчин бүсгүй инстаграм хаягаараа дамжуулж Мохсен Шекариг цаазлахын эсрэг дуугараагүй хэмээн олон улсын зарим байгууллагыг буруутгасан байна. Мохсан Шекариг өнгөрсөн есдүгээр сард Тегеран хотын төв замыг хааж, хүчнийхний нэгийг хутгаар шархдуулсан “үймээн самуун дэгдээгч” хэмээн буруутгаж, эрх баригчид дүүжилсэн билээ. Энэ талаар жүжигчин бүсгүй цахим хуудаснаа "Түүний нэрийг Мохсен Шекари гэдэг байсан. Энэ цус урсгаж байгааг харж байгаа олон улсын байгууллагууд арга хэмжээ авахгүй байгаа нь хүн төрөлхтний гутамшиг юм" гэж хуваалцсан байна.
Төрийн мэдээллийн IRNA агентлаг Telegram-д Таране Алидоости нь "баримт нотолгоогүй зүйл ярьсан” хэргээр цагдаа нарт баривчлагдсан талаар бичжээ. Мөн түүний найман сая гаруй дагагчтай Instagram хаягийг хаасан байна. Өдгөө 38 настай тэрээр Ираны хамгийн амжилттай жүжигчдийн нэг юм. Тэрээр 2016 онд Олон улсын шилдэг уран сайхны кино төрөлд Оскарын шагнал хүртсэн "Худалдаачин" кинонд тоглосноороо дэлхийд алдартай. Гэвч эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлснээс хойш тэрээр есдүгээр сард цагдаа нарт саатуулагдсан үедээ амиа алдсан Махса Аминигийн хэргээс болж улс даяар өрнөж буй эмх замбараагүй байдлыг намжаах гэсэн Ираны засгийн газрын оролдлогыг эрс шүүмжилж эхэлсэн. Арваннэгдүгээр сард тэрээр жагсаал цуглаантай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж толгойн алчуургүй зургаа Инстаграм хуудсандаа нийтэлснээр олны анхаарлыг татаад байсан юм.
SOURCE: BBC