Украины эрчим хүчний дэд бүтэц рүү ээлжит пуужингаа харвасны дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн дарга нартайгаа уулзсан байна.
Тэрээр ОХУ-ын дараагийн алхам юу байх вэ гэдэг талаар албаныхантайгаа ярилцсан гэж хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Энэ уулзалтад В.Путин, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Валерий Герасимов тэргүүтэй хүмүүс байлцжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч эдгээр цэргийн албан тушаалтнуудад хандан "Бид чиглэл бүрийн командлагчдыг сонсох болно, мөн ойрын болон дунд хугацааны үйл ажиллагааныхаа талаар та бүхний саналыг сонсохыг хүсэж байна" гэж хэлснийг төрийн мэдлийн телевиз дамжуулжээ. Түүнчлэн Генерал Герасимов энэ уулзалтад байснаар түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн тухай цахим ертөнцөөр тарж байсан цуурхлыг эцэслэжээ.
Өдгөө 67 настай түүнийг хэт болгоомжтой хандсан гэж Оросыг дэмжигчид шүүмжилж байсан юм. Мөн Аравдугаар сард Украин дахь ОХУ-ын командлагчаар томилогдсон Агаарын цэргийн хүчний генерал Сергей Суровикин энэ уулзалтад байсныг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн гэрэл зургууд харуулж байна. Украины арми сүүлийн саруудад хэд хэдэн томоохон ахиц дэвшил гаргаж, Оросын зэвсэгт хүчинд өнөөг хүртэл эзлэгдсэн цорын ганц томоохон хот болох Херсоныг эргүүлэн авсан нь дайн энэ өвөл даамжирч магадгүй гэж шинжээчид үзэхэд хүргэсэн байна.Түүнчлэн энэ уулзалт Украины зарим албан тушаалтнууд ОХУ ирэх оны эхээр томоохон дайралт хийхээр бэлдэж байна гэж мэдэгдсэний дараа болж байна. ОХУ-ын дайралт Украины эрчим хүчний сүлжээг онилсноос болж одоогоор олон сая хүн тог цахилгаангүй нөхцөлд орсон байгаа юм.
SOURCE: BBC, AP NEWS