Өнгөрсөн долоо хоногт болсон “Экспорт монгол” үзэсгэлэн худалдаанд Андорэан компанийн залуу инженерүүд дижитал твин технологио танилцуулж, удахгүй гадаадын зах зээлд нэвтрүүлэх гэж буй талаараа ярилаа. Андорэан компанид гадаад дотоодын их сургууль төгссөн 23 залуу инженер мэдлэг ур чадвараа сорин ажиллаж буй юм. Бид инженер Э.Мөрөнтэй уулзаж компанийн үйл ажиллагааны талаар болон виртуалчлал гэж чухам юу болох талаар тодрууллаа.
Тэрбээр, “Манайх “Ондо холдинг” компанийн охин компани гэж явж байгаа. Дижитал твин технологийг монголын аж үйлдвэрийн салбарлуу чиглүүлж анх удаа нэвтрүүлэхээр зорьж байна. Одоогоор бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ монголын уул уурхай, аж үйлдвэрийн салбаруудад туршиж үзээд, цааш экспортод гаргах зорилготой. Дижитал твин технологи нь 3D виртуал хувилбараар бодит цаг хугацааг харуулах зорилготой. Энэ нь аж үйлдвэрийн ямар ч компанид шилжилт болно. Бидний бүтээгдэхүүн энэ шилжилтиэд маш том алхам болох учиртай.
Манайх 3D модел үүсгэх, түүнийгээ рендерлэх, хөдөлгөөний датаг бүгдийг нь цуглуулах ямар ч секундын алдагдалгүйгээр бодит цаг хугацааг дамжуулах гэх мэт үйл ажиллагааны цаана маш том хөгжүүлэлтүүд явж байгаа. Манай компанид 23 залуу инженер ажиллаж байгаа. Бид дизайн гэх мэт зүйлсээ өөрсдөө хийдэг. Харин яг үйлдвэрлэлээ гадаадад хийлгэж байна.
Аж үйлдвэрийн дижитал твин технологийг хөгжүүлж байгаа нь монголдоо анхдагч болж байна. Яг энэ технологийг дэлхийд хийж байгаа цөөнгүй хэдэн газар бий. Манайх хөгжүүлсэн энэ бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд шуу өрсөлдөнө. Одоо хэрэглээнд нэвтрүүлээгүй ч тестээ тавих шатан дээрээ явж байгаа.
Виртуалчлал газар авах болсон шалтгаан нь цаг хугацааг хэмнэх л явдал. Энэ нь бидний ашиглаж болох хамгийн том нөөц. Виртуал ертөнцөд орж ирснээрээ бид маш том анализ хийх боломжтой болж байгаа юм. Цаг хугацааг хурдлуулж, бас ухрааж болно. Бид энэ технологи руу нэвтэрснээрээ ирээдүйг таамаглах боломжтой болно.
Бодит байдал дээр бид ямар нэг зүйлийг туршина. Ямар нэг бүтээгдэхүүн гаргана. Гараад ирсэн бүтээгдэхүүн хэр урт настай юм, яаж ажиллах, хаана алдаа гарах энэ бүх асуудлыг виртуалчлал, математик тооцоолол байхгүйгээр үзье гэх юм бол бид хүлээхээс өөр аргагүй болдог. Тэгвэл виртулчлал, 3D орчин, дижитал твин гэдэг зүйл ороод ирэхээр маш олон дата цуглараад үүн дээр суурилсан өндөр түвшний тооцооллууд гараад ирнэ. Улмаар бид цаг хугацааны хязгаарлалтыг тодорхой хэмжээгээр эвдэж байгаа гэсэн үг. Эн бол хүн төрөлхтөнд байж болох хамгийн том хүч.
Сая дурдсан 23 залуу инженер ажиллаж байгаа талаар. Үүн дээр нэмж хэлэхэд монгол залуус дэлхийтэй уралдаж байна. бид багаа бүрдүүлэхдээ мэдлэг чадвараас гадна, хандлага, нэг хүсэл тэмүүлэлтэй байхыг чухалчилдаг" гэлээ.