Перу улсад экс ерөнхийлөгчийг огцруулсны улмаас үүссэн улс төрийн хямралыг шийдвэрлэхээр өндөр түвшний яриа хэлэлцээ болж байна. Төрийн зөвлөл буюу төрийн бүх салбаруудын төлөөллөөс бүрдсэн байгууллага болон тус улсын сүм хийдийн удирдагчид нийслэл Лимад хуралдаж байгаа юм.
Эргэн сануулахад, арван хоёрдугаар сарын 7-нд Педро Кастильлог огцруулахтай холбогдуулан олон хоног үргэлжилсэн ширүүн жагсаалын дараа засгийн газрын хоёр сайд огцорсон. Түүнчлэн жагсаалын улмаас 20 гаруй хүн амиа алдсан байна. Үүгээр зогсохгүй, орон нутгийн нисэх онгоцны буудлыг хаасны улмаас Куско хотод олон мянган жуулчид түгжигдсэн байна.
Перу улс олон жил улс төрийн үймээн самууныг туулж, Педро Кастилло Конгрессыг тарааж, онц байдал тогтоохоо зарласнаар тус улсад хямрал дээд цэгтээ хүрсэн юм.
Гэсэн хэдий ч түүний төлөвлөгөө эсрэгээр болж, Конгресс оронд нь түүнийг огцруулах саналд нэгдсэн. Одоо хоригдож байгаа Педро Кастильог бослого гаргасан, хуйвалдааны хэрэгт буруутган шалгаж байгаа юм. Харин тэрээр өөрийнх нь эсрэг бүх үндэслэийг няцааж, тус улсын хууль ёсны ерөнхийлөгч хэвээр гэдгээ мэдэгдсээр байгаа.
Нөгөө талд, жагсагчид Конгрессыг тараах, шинэ ерөнхийлөгч Дина Болуартег огцрох, ээлжит бус сонгууль явуулахыг шаардаж байгаа юм. Гэвч баасан гарагт Конгресс ирэх жил сонгууль явуулах саналыг эсэргүүцсэн байна.
SOURCE: BBC, CNN