Твиттер томоохон хэвлэл мэдээллийн агентлагийн сэтгүүлчдийн хаягийг хаасан явдлыг НҮБ болон Европын Холбоо буруутгалаа. Тодруулбал, Элон Маскын хувийн онгоцны байршлыг олон нийтэд хуваалцсан асуудлаар CNN, NY Times, Washington Post-ын нэр нөлөө бүхий сэтгүүлчдийн хаягийг тус платформ баасан гарагт хаасан юм. НҮБ “хэвлэл мэдээллийн эрх чөлөө бол тоглоом биш” хэмээн жиргэж, Твиттерийн шийдвэрийг буруутгасан бол Европын Холбоо хориг арга хэмжээ авах талаар анхааруулсан.
Тухайлбал, ЕХ-ны комиссар Вера Журова "хэвлэл мэдээллийн эрх чөлөө, үндсэн эрхийг хүндэтгэх" шаардлагатай хэмээгээд шинэ хоригийн талаар дурьдсан юм. Ингэхдээ, Элон Маск-д улаан шугам гэж байгааг гэдгийг сануулсан.
Харин Твиттерийн хэвлэлийн төлөөлөгч энэ талаар “байршлын мэдээллийг шууд дамжуулж байсантай холбоотой” гэж тайлбарласан байна. Түүнчлэн Элон Маск энэ талаар шууд ямар нэгэн тайлбар хийгээгүй ч “Намайг өдөржин цахим сүлжээгээр шүүмжлэх нь зүгээр, харин гэр бүл болоод байршлыг минь олон нийтэд дэлгэх нь тийм ч таатай зүйл биш” гэжээ. Гэхдээ тэрээр хаягаа хаалгасан сэтгүүлчдийн хаягийг одоо нээх үү эсвэл долоо хоногийн дараа нээх үү гэж санал асуулга явуулсан нь эдгээр сэтгүүлчид эргэн твиттерт орж ирэх нь цаг хугацааны асуудал болсон гэдгийг харуулж байгаа талаар хэвлэлүүд бичиж байна. Уг санал асуулгыг явуулахдаа Элон Маск хувийн мэдээллийг задалж байгаа сэтгүүл ч бай, өөр хэнбугай ч бай ижил дүрэм үйлчилнэ гэдгийг мөн сануулсан юм.
SOURCE: BBC