Багахангай дүүргийн 2-р хороо, Хангай зөрлөгийн нүхэн гарцнаас баруун урд зүгт автомашин нь цасанд сууж бензингүй болсон гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн 19:21 цагт хүлээн авч Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 80-р ангийн алба хаагчид 18 км зам туулж очиход "Эдвон" загварын суудлын автомашин цасанд сууж шатахуун нь дууссан, уг автомашинд том хүн 2, бага насны хүүхэд 2, нийт 4 хүнийг осгож, хөлдөх аюулаас авран хамгааллаа.
Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч салхи зарим нутгаар 16-18 метр хүрч ширүүсч цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул тээврийн жолооч, иргэд:
– Холын замд гарахдаа цаг агаарын мэдээ сонсож, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг дагах,
– Орой, шөнийн цагаар замд гарахгүй байх,
– Автомашины бүрэн бүтэн байдлыг хангах,
– Шатахууны нөөц, дулаан хувцастай явах,
– Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдүүдийг эрсдэлд оруулж зорчихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: Нийслэлийн онцгой байдлын газар