Бид энэ удаа Anuxai’s fitness-2 шоуны оролцогч, дуучин Х.Акботатай ярилцлаа. Тэрбээр Австри улсад ажиллаж амьдардаг. Харин одоогийн байдлаар монголдоо түр хугацаанд амрахаар иржээ. Сошиал сувгуудыг идэвхтэй ашиглаж олон нийтийн магтаал, шүүмжлэлийн эн тэнцүүхэн амсаж яваа түүний үзэж туулсан амьдрал, үзэл бодлын талаарх ярилцлагыг хүлээн авна уу.
-Сайн уу? Акбота. Өдрийн мэнд. Сүүлийн үед юу хийж байна даа?
-Юуны өмнө намайг үзэж байгаа үзэгчдэдээ энэ цаг мөчийн гал халуун мэнд хүргэе. Саяхан фитнесийн шоундаа амжилттай оролцлоо. Удахгүй буцах гээд л байна. Нэг мэдэхэд зургаан сар маш хурдан өнгөрсөн байна. Эх орондоо хорогдоод л байгаа.
-Эх орныхоо юунд хорогдож байна вэ?
-Бүх зүйлд нь. Анх ирчхээд их стресстсэн л дээ. “Ёо ёстой түгжрээ… буцах минь” гээд л пост хийж хүмүүсийг бас стресстүүлсэн. Одоо бол түгжрээ нь хүртэл гоё байна. Өвөл нь хүртэл гоё байна. Би монголынхоо өвөлд даардаггүй. Алхаад л яваад байна. Баруун Европт өвөл нь хүртэл жиндүү, зүрх рүү орчихдог. Градус нь бага юм мөртөө. Манай монголын өвөл чанартай болдог шүү дээ.
ОЛНЫ ХЭЛ АМНААС АЙЖ ГАДАГШАА ЯВСАН
-Ингэхэд яагаад гадагшаа явах болсон юм бэ?
Би яагаад гадагшаа явсан гэхээр, яг үнэндээ анхны амьдрал маань бүтэлгүйтээд, хоёр дахь амьдрал дээрээ жирэмсэн болоод хүмүүсийн хэл амнаас айгаад явсан юм. Түүнээс биш тэнд очоод мөнгө хураая, цуглуулъя гэсэн ямар ч төлөвлөгөөтэй яваагүй. Гадагшаа явснаараа би амьдралд заавал өндөр боловсролтой болж суралцах албагүй гэдгийг ойлгосон. Үүнээс өөр маш олон чухал зүйл байдгийг мэдэрсэн гэх юм уу. Их ч зүйл сурсан. Хүний газар ч тэр, монголд ч тэр, асар олон хүн ар нуруу руу хутгалж байсан юм. Ганц бие болоод амьдрал зохиох гэж үзсэн. Надаас шалтгаалах зүйл ч байсан. Цаанаас ч шалтгаалах зүйл байсан. Хүний газар л олон хүний тарыг таньсан. Эндээс би хүн ер нь өөртөө итгэх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Хэнд найдах ёстой гэж. Миний бүх зүйл миний гарт байгаа.
-Юунаас болоод ийм үзэл бодолтой болчихсон юм бэ?
-Хосуудын салалттай л холбоотой асуудал. Би нуурын эрэг дээр хайртай хүндээ гомдоод, үхмээр санагдаж байсан үе надад байдаг. Би боддог юм. Хүн ер нь шантрах хэрэггүй юм билээ. Тухайн үед надад зовлон байсан зүйл одоо маш инээдтэй санагдаг. Тэгээд л би, хүн өөрөө өөртөө л итгэх ёстой юм байна. Угаасаа чиний хажууд хэн ч байхгүй. Миний хоёр хүүхэд үнэн. Миний ээж үнэн. Бусад тэгээд угаасаа л цаг хугацаанд шигшигддэг гэдгийг ухаарсан. Зовлон гарч ирж л байдаг. Жаргал ч бас тохиолдож л байдаг. Ээлжилж л явдаг. Гэхдээ хүний авах мэдрэмж түр зуурынх. Цаг хугацаатай. Өнөөдөр би гунигтай байж болно. Магадгүй чи ч гунигтай байж болно. Гэхдээ маргааш инээх үе байгаа учраас бүх зүйл зүгээр. Өглөө болгон сэрэхэд өглөөний ургах нар яг над дээр тусаж байвал боломж байна. Босоорой чи ямар нэгэн зүйл хийх ёстой гэсэн үг.
-Хоёр дахь амьдрал нь бүтэлгүйтсэн гэхээр сэтгэл зүйн хувьд хүнд зүйлсийг туулсан байх? Яаж давав аа?
-Хүний газар өөрөө өөртөө л сэтгэл зүйч хийнэ. Ковидын үе байсан.Тэр үеэр би лайв хийдэг болоод л, Тик ток хийгээд л өөрийгөө олж эхэлсэн. Болохгүй зүйлийг хаячих хэрэгтэй.
-Хүмүүс гадаадад оччихвол л бүх зүйл сайхан болох юм шиг санадаг. Анх хэр байсан бэ?
-Би очоод ажлынхаа визийг авчхаад, хятад даргатайгаа уулзаад хэлсэн. “Би визээ авчихсан. 40 цагийн бүтэн ажилд оръё” гээд. Тэгэхэд намайг угаагч хий гэсэн юм. Би тийм ажил хийхийг хүсэхгүй байгаагаа хэлж кассан дээр зогсмоор байгаагаа ойлгуулсан юм. Тэр үед дарга татгалзаагүй ч, “Миний амьдрал угаагчаар эхэлж байсан” гээд л надад заахыг оролдсон л доо. Би хэрвээ угаагч хийвэл юу ч сурахгүй, ардаа л мөнхрөх байсан биз. Тэгээд би даргадаа “Тэр чинь чиний л амьдралын түүх би арай өөрөөр эхэлмээр байна” гээд кассан дээр зогсож эхэлсэн. Гадаадад ажиллаж амьдрах амаргүй. Шал угаахад хүртэл шалгуур бий.
НАСААРАА ГАНЦААРАА АМЬДРАХ ВИЙ ГЭЭД ХААЯА ЭМЭЭДЭГ
-Хэл амнаас айгаад явсан гэж ярьж байна шүү дээ. Одоо айдаг уу?
-Одоо айдаггүй. Бас яг л тийм нэг үзэл бодол өөртөө суулгачихсан. Өнөөдөр нэг хүн намайг “чи ямар тэнэг цамц өмсчихсөн юм” гэвэл би “чамд хамаагүй” л гэнэ. Энэ цамцыг авахад тэр хүн надад 100 төгрөг хандивлаагүй бол дуугүй байх хэрэгтэй. Одоо би хэл амнаас огт айдаггүй. Ер нь яадаг юм. Бид нар ганц амьдарна, богино амьдарна. Хэллээ гээд яах юм. Би айж ичнэ гэдэг зүйлийг хаясан. Тэр чинь их ядаргаатай. Хүн баг зүүчихдэг юм. Тэр багаа тайлах гэсээр байтал ядаргаанд орж амьдардаг. Би одоо тоохоо ч байсан. Би чинь лайв хийхдээ “миний үс ийм, шүд завсартай” энэ тэр гээд ярихаар, хүмүүс “наад шүдээ янзлуулаач” гээд л. Миний шүд ямар байх нь тэр хүний амьдралд гай болоогүй учраас ганц амьдрах энэ богинохон амьдралаа сайхан, өөртөө сэтгэл ханамжтай өнгөрүүлье гэж боддог болсон.
-Сошиалд таныг хүлээж авах хүмүүсийн хандлага ямар байдаг вэ?
-Хамгийн муухай, тэнэг, увайгүй, бүр эрээ цээргүй комментыг эрчүүд үлдээдэг. Яг бүр эрэгтэй хүмүүс орж ирдэг. Гэхдээ мэдээж бүгд биш. Яг нэг тийм ах нар байдаг юм. Овооны урд зургаа даруулсан, эсвэл уулан дээр төрийн далбаатай, эсвэл нэг эгч нар байдаг шүү дээ. Чацарганын модны урд зургаа даруулчихсан. Тийм хүмүүс маш муухай коммент үлдээдэг. Яадаг юм мэдэхгүй. Хэн фейсбүүк ашиглахыг заагаад өгчихсөн юм. Хэн ухаалаг утас бариулчихсан юм. Тийм хүмүүс маш тэнэг коммент үлдээнэ. Би бас алалцана аа алалцана.
-Ингэхэд нөхөртэй болох болж байна уу?
-Байхгүй ээ байхгүй. Хаана ч явж байгаа юм тэр нь. Бүү мэд. Одоо айдаг шүү дээ. Ганцаараа явж байгаад үхчих юм биш биз дээ гээд. Гэхдээ яах вэ нэг юмтай болох л байлгүй дээ. Яах вэ хүмүүс намайг алдсан л гэж ярьдаг юм. Хоёр удаа алдлаа гээд л. Би түүнийг алдаа гэж боддоггүй. Би амьдралаа алдаа оноотой нь хайралдаг болсон. Манай охин одоо Австрид байгаа. Чехэд төрж өссөн. Одоо долоон настай. Аягүй хөөрхөн адтай. Тик ток хийнэ, дуулна, бүжиглэнэ. Хүү маань болохоор эсрэгээрээ даруухан. Би өөрийгөө боддог юм. Сайн ээж биш гээд. Гэхдээ муу ээж гэж бараг байдаггүй л байх. Хоёр хүүхэд маань намайг “миний ээж хамгийн мундаг” гэхээр тэр үгнээс л их эрч хүч авдаг. Хүүг маань манай ээж өсгөж байгаа. Хүмүүс хүүхдээ орхилоо гээд л ярьдаг. Өнөөдөр монголчуудын амьдрал яг л тийм л байна.
-Баярлалаа. Танд бусдад хэлэхийг хүссэн зүйл байна уу?
-Ганц хэлмээр санагддаг зүйл гэвэл бид цөөхүүлээ шүү. Нэгнийгээ хүндлээд хайрлаарай гэж хэлмээр байна. Хүн өглөө гэрээсээ ямар ч асуудалтай гарч явсныг бид таашгүй учраас нэгэндээ маш гоё хүндлэлтэй хандаарай. Нэг л их ассан хүмүүс байна. Утсаа гаргаж ирээд нэгнээ доромжилсон. Үгээр хүнийг алж болно. Нэгрүүгээ муухай комментууд бичихгүй байвал зүгээр л гэж хэлье.