Украины эрх баригчид ОХУ-ын арми он гараад томоохон байлдаан хийхээр зэхэж байна гэж мэдэгдлээ. Хэдий ОХУ одоогоор Украины зүүн, өмнөд хэсгийн хэд хэдэн бүс нутгаас ухарсан ч энэ нь дараагийн төлөвлөгөөндөө бэлдэж буй тактик гэж үзжээ.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский болон эрх баригчид энэ талаар албаныхандаа сануулж, болзошгүй дайралт нь Донбасс эсвэл Киевийн алийг нь ч онилж байж болно гэсэн байна. Украины батлан хамгаалахын сайд Олексий Резников “ОХУ маш том хэмжээний дайралт хийх төлөвлөгөө хийж байгаа талаар нотолгоо бидэнд бий” гэсэн байна.
Түүний хэлснээр цэргийн дайчилгааны хоёрдугаар хэсэгт татагдсан 150 мянга гаруй цэрэг дор хаяж гурван сар бэлтгэгдэж байгаа тул ирэх оны хоёрдугаар сараас энэ дайралт эхлэх магадлал өндөр гэж хэлсэн. Харин барууны шинжээчид Оросын цэргийн хүчнийг газрын довтолгоог амжилттай хийж чадах эсэхэд эргэлзэж байгаа юм. Тодруулбал, Их Британийн Зэвсэгт хүчний дээд офицер, Батлан хамгаалах штабын дарга адмирал сэр Тони Радакин “Хэрвээ ОХУ дайрвал нөхцөл байдал өөрсдөд нь л буруугаар эргэнэ. Тэдэнд буу, зэвсгийн нөөц маш бага үлдсэн” гэж энэ долоо хоногт хэлсэн байна.
SOURCE: BBC, THE GUARDIAN