Сүүлийн 10 гаруй хоногийн турш Монголчууд ядарч цөхөрч гүйцлээ гэж төв талбайдаа жагсаж, суулт зарлалаа. Дан ганц нүүрсний хулгай ч биш, нийтээрээ нийгэм баргар байгааг сануулж, эрх баригч намынханд хатуу сануулга өглөө. Сөрөг хүчин тоймын шинэ дугаар эхэлж байна.
“НҮҮРСНИЙ ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ ХЭН БЭ?”
Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон тушаалтнуудыг АТГ-аас энэ долоо хоногт зарлалаа. Нийт 17 хүний нэрийг зарласан ч олон нийт төдийлөн сайшааж хүлээж авсангүй. Учир нь энэ хэргийн цаана нуугдсан жинхэнэ хулгайчдыг зарла хэмээн шаардсан юм. Товчхондоо, том жижиг гэлтгүй нэг ч хүнийг үлдээлгүй шалгах, хариуцлага үүрүүлэх учиртайг хөндсөн. Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй, хоёр намын хүмүүсийг шалгаж эхэллээ. Гэвч энд анхаарах хоёр өнцөг байгаа юм.
Нэгдүгээрт, оффтейк гэрээнүүдийг нууцын зэрэглэлд оруулж, гарын үсгээ зурж, тамга дарж, хулгай хийх боломж бүрдүүлсэн хүмүүс бол ҮАБЗ-ийнхөн. Гэрээг нууцад оруулахад үед Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар ҮАБЗ-ийг бүрдүүлж байлаа. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар хулгайн хэргээр, хуулийн байгууллагад зүй ёсоор шалгагдах учиртай хүмүүс болж таарч байна. Адилхан хулгайн хэргийн сэжигтэн болж таарч байна. Ийм нөхцөлд хуулийнхан хэзээ ч хулгайчдад хариуцлага тооцож чадахгүй гэдэг өнцөг харагдаж байна. Ерөнхий сайдын хэлсэнчлэн, иргэдийн дэмжлэг хэрэгтэй байна гэдэг үг нь үүнийг л хэлсэн байхыг үгүйсгэхгүй юм. Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх та, УИХ-ын дарга Г.Занданшатар та ч бас нэн даруй шалгуулна уу. Та бүхний дарсан тамга, хэргийн ул мөр энэ байна.
Хоёрдугаарт, эрх баригч намынхан гарзгүй гэгдэх, намдаа нөлөө багатай, нэр хүн муутай таван гишүүнээ нүүрсний хулгайн сэжигтнээр нэрлэлээ. Эдгээр гишүүний хийсэн мэдэгдэл нь онигоо, аль эсвэл хошин шог шиг инээдтэй, олон нийтийг басамжилсан тайлбар байлаа. Хүнийг гүтгэх байх магадлалтай. Буруутгагдан, сэжиглэгдсэн хүн ч өөрийгөө өмөөрөх эрхтэй. Тэглээ гээд ард түмнийг басамжлах учиргүй юм. Ганцхан Анандбазар гишүүнээр жишээ авахад “Би хулгайчдыг илрүүлж, тэр мөнгөөр нь иргэдийн ипотекийн зээлийг төлж өгнө өө” гэж мэдэгдсэн нь өөрийгөө өмөөрөх гэхээсээ илүү ядарсан иргэдээс оноо авах гэж ядсан хэрэг байлаа. Яг үүнтэй нэгэн адилаар тэд болчимгүй тайлбар хийцгээлээ.
Тэдний УИХ-ын чуулган дээр өмнөө тавьж суусан эсэргүүцлийн бичгээс нь ч нэг өнцгийг олж харж болохоор байлаа. “Нүүрсний жинхэнэ хулгайчийг зарла” гэж шаардаж байгаагаас нь харвал “Ямар ч байсан их бага хэмжээгээр өөрсдөө хулгайч гэдгээ хүлээн зөвшөөрөөд, цаана нуугдсан томчуудаа гараад ир гэж дуудаж байна гэж ойлгохоор болохоор байсан юм. Одоогоор нүүрсний хулгайн хэрэгт хамгийн их оролцоотой ч сугарч хоцорсон гишүүдээр УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн зэрэг нэр бүхий гишүүд яригдаж байна. Тэд нэг нэгнээ хэрхэн илчлэх, шалгалтын явц яаж өрнөхийг цаг хугацаа харуулна.
“ХҮН БҮР ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХТЭЙ”
Төв талбайд жагсаж байгаа иргэдийг хэн нэгний явуулганы хүмүүс гэх мэтээр харлуулж талцуулах тохиолдол хэрээс хэтэрч байна. Нүүрсний хулгайчдын хийж байгаа жагсаал их тансаг болж байна гэж хүртэл Хууль зүйн сайд нь хүртэл хэвлэлээр мэдэгдлээ. Гэтэл яг үнэн хэрэгтээ төрийн буруу бодлогыг эсэргүүцсэн хүмүүс Сүхбаатарын талбайд цугласан байсан юм. Үндсэн хуульд зааснаар Монгол хүн бүр үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй. Тиймээс жагсагчид чи зайл, би үлдье гэж нэгнээ хөөж туух боломжгүй юм. Ингэснээрээ өөрийнхөө эрхийг эдлэхдээ нөгөө хүнийхээ эрхийг уландаа гишгэсэн үйлдэл болно гэдгийг санах учиртай. Төр засгийнхан ч өөрсдөө захиалганы хүмүүс гэж шахаж, үл тоомсорлох, басамжлан доромжлох ч эрхгүй гэдгийг энд онцолъё. Иргэд ердөө эрхээ эдэлж байна.
“НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮР ШИМИЙГ ХЭЗЭЭ ХҮРТДЭГ БОЛОХ ВЭ?”
Талбайн жагсаалын үеэр нийгмийн гаж тогтолцоог өөрчлөхийг шаардсан, өөрт тулгарсан асуудлаа ярьсан олон хүн байлаа. Тэдний нэг нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ахмад настан байсан юм. Ханийгаа алдсаны дараа тэтгэврийн зээлийг нь төлөх гэж зовж зүдэрсэн тухайгаа ярьж, нийгмийн даатгал насаараа төлчихөөд үр шимийг нь хүртдэггүй харгис тогтолцоог хуулиар өөрчилж өгөхийг хүссэн юм. Энэ мэтээр иргэдийг дөнгөлсөн олон асуудал, нийгмийн өнөөгийн баргар төрхийг 10 гаруй хоног үргэлжилсэн иргэдийн тэмцэл харуулж байна. Үзэгч та бүхэнд сөрөг хүчин тоймын ээлжит дугаарыг хүргэлээ.
Видеог дээрээс үзнэ үү.