БНСУ-д жендэрийн тэгш эрхийн яамыг татан буулгах гэж байгаатай холбоотой олон асуудлууд өрнөж байна. Тухайлбал, Юна гэх эмэгтэй өөрийн түүхээ хуваалцсан нь олон нийтийн анхаарлыг татаад байгаа юм. Тэрээр том банкинд бичиг хэргийн ажилтнаар ажилд орсон анхны өдрөө л ялгаварлан гадуурхагдсан гэдгээ хуваалцжээ.
Тодруулбал, Юна ажилдаа орсон даруйдаа багийнхнийхаа өдрийн хоолыг бэлдэж ирэх шаардлагатай болсон байна. Дараа нь эрэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний арчуурыг гэртээ авч явж, угаах шаардлагатай тулгарчээ. Учир нь тэрээр шинэ эмэгтэй ажилчин байсан тул түүнд энэ ажлыг ногдуулсан тухай хуваалцсан байна. Юна анхандаа эвтэйхэн татгалзаж, тэд өөрсдөө угааж болох эсэхийг асуухад дарга нь "Чи яаж эрчүүдээр арчуур угаалгана гэж бодож чадав аа” гэсэн хариулт авсан байна.
Энэ талаар Юна “тэр маш их уурласан, мөн би ингэж эсэргүүцсээр байвал байдал дордохыг ойлгосон тул зүгээр л хий гэснийг нь хийхээр шийдсэн” гэжээ. Гэхдээ Юна зориг гаргаж, энэ асуудлыг шалгуулахаар засгийн газарт хандсан. Ингэхдээ, Юна бүх үйл явцыг баримтжуулж, бичиж амжсан байна. Юна тэсэхээ байгаад ийм шийдвэр гаргаагүй, харин түүн шиг 20-иод насны эмэгтэй хамтран ажиллагсад нь үүнийг огт тоохгүй байгаад бухимдсандаа шалгуулахаар шийдсэн гэдгээ хэлсэн юм. Учир нь хамт ажилладаг эмэгтэйчүүд нь түүнийг гомдоллоход “хаа сайгүй л ийм байдаг тул битгий сүр бадраа” гэж хэлж байжээ. БНСУ-д ажлын байран дээрээ эрх нь зөрчигдсөн нэг л эмэгтэйн жишээг BBC агентлаг хуваалцлаа.
БНСУ хэдий соёл, технологийн хүчирхэг гүрэн болж хөгжсөн байж болох ч дэлхийн эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах асуудал ихээр хөндөгдсөн хэвээр байгааг гадны хэвлэлүүд онцолж байна. Тухайлбал, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дунджаар гурав дахин бага цалин авдаг нь тус улсыг цалингийн зөрүү хамгийн ихтэй улсуудын нэг болгож байгаа юм. Түүнчлэн шийдвэр гаргах түвшинд буюу улс төрийн салбарт эрэгтэйчүүд давамгайлж байна. Одоогоор БНСУ-д бүртгэлтэй компаниудын удирдах албан тушаалын дөнгөж 5.8 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Учир нь тэд гэрийн ажил болон хүүхэд асрах ажлыг голчлон хариуцах төлөвтэй байна. Үүн дээр бэлгийн дарамтын нэмэгдэж байгаа.
Тодруулбал, эмэгтэйчүүдийг бие засах газар, хувцас солих өрөөнд хувцасаа тайлж байхад нь далд камерын бичлэг хийх явдал ихэссэн талаар албаныхан мэдээлсэн. Харин БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёол эдгээр асуудлыг дорвитой шийдэж чадахгүй байна гэж олон нийт бухимдаж байгаа юм. Тэрээр 19 гишүүнтэй Засгийн газартаа ердөө гуравхан эмэгтэйг томилсон.
Мөн эмэгтэйчүүд болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод туслалцаа үзүүлдэг Жендэрийн тэгш эрхийн яамыг хуучирсан хэмээн татан буулгахаар оролдож байгаа нь ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна. Одоогоор 800 гаруй байгууллага үүнийг эсэргүүцэн жагсаж, эмэгтэйчүүдийн амьдралд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж анхааруулж байгаа юм.
SOURCE: BBC