Сүхбаатарын талбайд цугласан иргэд шударга бус нийгмийн гажуудлыг засахыг шаардсаар байна. Сүхбаатар дүүргийн иргэн, ахмад настан Ч.Бямбасүрэн тэтгэвэр өвлөгддөг тогтолцоог бий болгох, мөн ахмадуудад төрөөс орон сууц олгох асуудлыг яаралтай шийдвэрлэхийг шаардсан юм. Тэрээр боловсролын байгууллагад насаараа ажиллаад өдгөө гавьяаныхаа амралтанд гарчээ. Харж хандах хүнгүй, ганцаараа амьдарч байгаа учир тэнгэр хол, газар хатуу хүндхэн байгаагаа учирласан юм. Зурагтаар жагсаал болж байна гэхийг сонсоод үнэхээр бачимдсандаа хүрээд ирсэн. Жагсаал эхэлснээс хойш л би энд ирж байгаа. Миний яриаг орон даяар цацаад өгөөрэй, миний хүү” хэмээн нулимс дуслуулж байлаа. Ингээд түүний яриаг хүргэе.
“…Ах дүү садан байхгүй. бүтэн өнчин хүн байхгүй юу, би. Би таван сард ханиа алдсан. Сэтгэл санааны хувьд хэцүү яваа шүү, эгч нь. Гурав хонож байхад хаалга тогшоод өвгөнийхөө тэтгэврийг зээлийг төл гээд ирж байгаа байхгүй юу. Тэгээд би аргаа барахдаа охиндоо авч өгсөн “aqua” гээд цагаан машиныг, тэтгэврийн зээлээр авсан машиныг нь би төлөөд, охинтойгоо би банкин дээр очоод, 3 сая 800 мянган төгрөг төлсөн. Энийг цацаарай, миний хүүхдүүд. Үнэхээр хэцүү байгаа биз дээ, энэ чинь. Ажил хөдөлмөрийг нь хийж явж байгаад тэтгэвэрт гарсан шүү дээ. Насаараа автобус баазад жолоо барьж, нийгмийн даатгалаа төлж явсан хүн. Бурханы оронд явахад нь зээлийг нь яагаад тэглэж болдоггүй юм бэ? Тэр хуулиа батлаач ээ. Хоёр багана шиг тулганыхаа нэгийг би алдчихаад хэцүү байна. Тэтгэврийг нь үлдсэн хань ижилд нь олгож болдоггүй юм бэ? Идэж ууж, цуслах болохоороо өөрсдөө ичиж зовдоггүй юм бэ?
Бодит амьдрал ийм л байна. Одоо бол би ганцаараа амьдарч яваа хүн. Тэтгэврийн 500 мянган төгрөгөөр амьдарч байна. Тэр нь зээлтэй. 1-нд тэтгэвэр ороод ирдэг шүү дээ. Тэгэнгүүт 350 мянган төгрөгийг нь шууд аваад явчихаж байна. Гар дээрээ нэг 150 мянган төгрөгтэй. Эмнэлгээр явж эн тан авна. Эмний үнэ гэж тэнгэрт тулчихсан. Хөнгөлөлтөөр өгдөг эм нь байхгүй болчихсон. Би насны хувьд 60 гарчихсан явж байгаа хүн. Цөөхөн үлдсэн амьдралдаа эмээ нь дулаан бүлээн ахмадын байр гэдгийг нь олгож өгөөч ээ. Хамгийн шаардаж байгаа юм нь. Цөөхөн үлдсэн амьдралдаа би тэрэнд нь ороод үзье. Ахмадын орон сууц гээд өчнөөн юм барьсан чинь нэг ч орсон ахмад байхгүй байгаа байхгүй юу. Би гал түлж, гэр хороололд амьдардаг. Үнэхээр галаа түлж дийлэхгүй болоод байна, одоо. Хүнд байна" гэлээ.