Сүхбаатар аймгийн Онгон сумын 2 дугаар багийн нутаг сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т орших Шар бүрд гэдэг газар Баруун-Урт сумын харьяат иргэн Ц нь 12-р сарын 12-ны 20:00 цагийн орчимд Онгон сумаас Баруун-Урт сумын чиглэлд “Портер” ачааны автомашинтай явахаар гараад сураггүй болжээ.
Энэ тухай дуудлагыг XII сарын 13-ны 14:43 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Онгон сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн нь 14-ний 09:00 цагаас иргэн 65 настай эрэгтэй Ц-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Эрлийн явцад тухайн иргэн өөрөө аймгийн Онцгой байдлын газар руу 10:10 цагт холбогдож, Онгон сумын Шар бүрд багийн “Хоньчны хөндий зам” гэдэг газар автомашин нь эвдэрч хээр хоносон бөгөөд одоо замын унаанд дайгдан Баруун-Урт сумын чиглэлд явж байгаа тухай мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.