Хятадын эрх баригчид Манчестер дахь консулын газарт нь үймээн болсноос хойш хоёр сарын дараа хамгийн өндөр албан тушаалтай зургаан албан тушаалтныг Их Британиас явуулах шийдвэр гаргажээ.
Их Британийн засгийн газар X сард болсон хэргийн талаар тус албан тушаалтнуудыг мөрдөгчдөд байцаалт өгөхийн тулд дипломат халдашгүй эрхээсээ татгалзахыг хүссэн. Энэ талаар гадаад хэргийн сайд Жеймс Клеверли эдгээр зургаан албан тушаалтны хэнд нь ч шударга ёс үйлчлэхгүй байгаад, тэд буруугаа хүлээхгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа хэлсэн байна.
Энэхүү албан тушаалтнууд дунд Ерөнхий консул Жэн Сиюань багтсан бөгөөд тэрээр нэг жагсагчид гар хүрсэн гэдгээ үгүйсгэж байсан. Тодруулбал, ХКН-ын XX их хурлын үеэр Манчестер дахь БНХАУ-ын консулын гадаа Ши Жиньпиний засаглалыг эсэргүүцсэн уг жагсаалд Хонгконгийн иргэн Боб Чан газарт чирэгдэж, хэсэг хүмүүст зодуулсны дараа шархадсан юм.
Харин түүнд бүлэглэн гар хүрсэн хүмүүсийн дунд ерөнхий консул Жэн өөрөө байсан нь гэрэл зургаар тогтоогдсон билээ. Үүний дараа тэрээр сэтгүүлчдэд хандан хамтран ажиллагсдаа хамгаалахыг хичээж байснаа хэлж, "Тухайн жагсагч манай улсыг, миний удирдагчийг доромжилж байсан. Энэ бол миний үүрэг байсан гэж би бодож байна" гэж тодруулсан юм. Ийнхүү Хятад улс дипломатуудаа явуулах шийдвэр гаргасан нь маргааныг намжааж, дахиж ийм хэрэг гарахаас сэргийлсэн явдал боллоо гэж хэвлэлүүд мэдээлж байна.
SOURCE: BBC