Засгийн газрын хуралдаанаар ипотекийн хөтөлбөр, хэрэгжилт түүнтэй холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хяналт шалгалт хийх ажлын хэсгийн хуралдааны дүнг танилцуулсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр " Монголбанк 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж, ипотекийн зээлийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ хэлсэн. Ипотекийн зээлийг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулсан ч ажил нь удаашралтай байгаа.
Санхүүгийн зохицуулах хорооны зарим удирдлагууд ипотекийн зээлийн санхүүжилтийн дүрэмд өөрчлөлт оруулж, хууль зөрчиж, 170 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар ашигласныг буцаан төвлөрүүлэх тухай тогтоолын төслийг танилцуулсан. Үүнтэй Ерөнхий сайд санал нэг байгаа. Гэвч Монголбанкнаас тодорхойгүй байр суурь илэрхийлснээс болж энэ асуудал хойшилсон.
Мөн ажлын хэсгээс
Нэгдүгээрт, ипотекийн найман хувийн зээлийг зургаан хувь болгох
Хоёрдугаарт, урьдчилгаа төлбөрийг Зээлийн батлан даалтын сангийн оролцоотойгоор 30 хувийг 20 хувь болгох
Гуравдугаарт, зээлийн эргэн төлөлтийг хүү, үндсэн зээл дээр иргэд, банк санхүүгийн байгууллагууд хоорондоо тохирч, эргэн төлөлтийг уян хатан болгох боломжтой гэх дүгнэлт гарсан.
Банкнаас нэг хувийн хүүтэй гаргасан зээлийг иргэдэд найман хувиар олгодог. Ипотекийн корпорац 400 орчим тэрбум төгрөгийг хууль бусар ашиглан зарцуулсан байна" гэлээ.