ЖДҮҮ эрхлэгчдийн экспортын үйлдвэрлэл, экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ОУ-ын зах зээлд эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг гаргахад дэмжлэг үзүүлэх, гадаад хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой “Экспорт монгол 2022” Олон Улсын бизнес форум, үзэсгэлэн Блю скай зочид буудалд боллоо.
Үзэсгэлэн худалдааны үеэр бид “Эко гар утасны тавиур” компанийг үүсгэн байгуулагч Г.Батзоригтой ярилцлаа. Тэрбээр бараа бүтээгдэхүүнээ дэлхийд таниулж экспортод гаргахаар хичээн ажиллаж буй юм.
Энэ талаар ярихдаа, “Манайх анх утасны тавиур үйлдвэрлэж эхэлсэн. Утас тогтоож, хүмүүсийн хэрэгцээг хангахаас гадна маш гоё бэлэг болдгоороо онцлог. Байгууллагын лого, хүний сэтгэлийн үгийг бүтээгдэхүүн дээрээ бичдэг нь бидний давуу тал юм. Түрүү жил утсаны тавиур авсан хүмүүстээ юу бэлэглэх вэ гээд хамт олноороо ярилцаж байгаад дээшээ харсан сав буюу таваг хийж бэлэглэе гээд бэлэглэсэн. Энэ маань маш олон хүнд хүрээд, “энэ тавгаа өшөө үйлдвэрлээч ээ. Худалдаж авъя” гэсэн хүмүүс маш их байсан учраас бид үйлдвэрлэж худалдаанд гаргасан байгаа. Хятадаас орж ирсэн тавгууд усанд нороод хагардаг, халуун орны мод монголд ирээд эдэлгээ багатай байсан учраас бид асуудлыг шийдэж, хүнсний зориулалттай тосон түрхлэг хэрэглэн ард түмэндээ хүргэж байна. Олон хүний талархлыг хүлээж байгаа.
Сүүлд “Угсардаг эвтэй дөрөв” гээд таваг гаргасан маань олон хүнд хүрсэн. Угсраад олон хүн хэрэглэж болно. Хамт олноороо ярилцаад ванны тавиур хийсэн. Бүсгүйчүүдийн маань хэрэгцээнд их нийцсэн. Салфетканы тавиур хүртэл хийж гаргасан байгаа. Хамгийн сүүлд өчигдөр өнгөтөөр хэвлэдэг тоног төхөөрөмж захиалсан. Бид өнгөтөөр хэвлэх давуу талтай боллоо. Жилээс жилд улам өргөжсөөр л байна.
Дэлхий нийтээрээ л ухаалаг гар утас хэрэглэж байгаа. Манайх бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломжтой. Бусад орны соёл, хэлээр нь бичиж бүтээгдэхүүнээ гаргах боломжтой учраас хүмүүс маш их дэмжиж байгаа. Бид ч гэсэн чадлаараа л ажиллаж байна. Удахгүй монгол залуучууд гадаадад ажиллаж мөнгө олдог биш, хийсэн бүтээлээ гаргаж валют оруулж ирдэг болохын тулд хамт олноороо их хичээж байгаа. Үр дүнд хүрсэн сайхан мэдээгээр эргээд уулзах байх.
Хүний хэрэгцээг маш энгийнээр л хангах хэрэгтэй. Манай бүтээгдэхүүн тарьж ургуулаад, үйлдвэрийн аргаар хийсэн модоор хийгддэг учраас эко бүтээгдэхүүн байж чадна. Дэлхийд гарах бүрэн боломжтой. Америкт л гэхэд цулгуй модон дээр “I Love you” гэж бичсэн хананд өлгөдөг бүтээгдэхүүн л 15 доллар гэж байгаа юм. Тэгэхэд чиний бүтээгдэхүүн энд ирвэл эрэлт их байна гэсэн хүмүүс холбогдож байна” гэлээ.