АТГ-аас нүүрсний хэрэгтэй холбоотой гэж 17 хүний нэрийг зарласан. Тэдний дунд нэр нь багтсан МАН-ын харьяалалтай УИХ-ын таван гишүүн “Бид нүүрсний хэрэгтэй холбоогүй. Номхон тэмээ ноолоход амар гээд биднийг гүтгэлээ. Манай намаас бидний нэрийг өгсөн гэж хардаж байна. УИХ-ын татгалзаж байгаад ч хамаагүй шалгуулна, буруугүйгээ нотолно” гэж мэдэгдсэн.
Энэ асуудалд ЗГХЭГ-ын дарга, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Намд нөлөөтэй эсэх байдлаар гишүүдээ ялгадаггүй. Намаас нэр өгөх боломжгүй. Хуулийн байгууллага хуулийн дагуу л ажлаа хийсэн. Яагаад эдгээр таван гишүүний нэрийг зарлав гэдэгт бид ч бас гайхаж байна. Тэдний нэрийг АТГ-аас зарласан. Мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй.
Сэжүүр байгаа учраас нэрийг нь зарласан байх гэж бодож байна. Хуулийн байгууллагаас УИХ-ын гишүүдийг шалгаж байх хугацаанд түдгэлзүүлнэ гэсэн заалт байхгүй. Шүүхээр гэм буруутайг нь тогтоовол намаас гарсанд тооцож, улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй” гэлээ.