Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хууль зүй, дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл хийж, тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөд туссан зарим асуудлаар тайлбар хийхдээ нүүрсний хулгайтай тэмцэж буй жагсагчдын төлөөллөөс гаргасан шаардлагуудыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан гэдгийг тодотгоод, авлига албан тушаалын хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй гэдгийг онцоллоо.
Тэрбээр "Эрүүгийн хуулийн 22.1 – р зүйл буюу эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн бол торгох ялаар зүйчилдэг байсныг хасаж, албан тушаалаа урвуулан ашигласан тохиолдолд торгох ял эдлүүлэхгүй байхаар тусгасан.
Тус хуулийн 22-р бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрхийг хасах ялыг нэмэгдүүлж байна. Өөрөөр хэлбэл, авлигын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг төрийн албанд бүх насаар нь ажиллуулахгүй байхаар тусгалаа. Энэ нь сонгуулийн тухай хууль тогтоомж дээр заасанчлан авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээд бүх шатны сонгуульд нэр дэвшихгүй байх заалттай уялдаж байгаа юм. Мөн авлига, албан тушаалын хэргийг хялбаршуулах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байхаар зааж байна. Ял наймаалцахгүй гэсэн үг.
Түүнчлэн Эрүүгийн хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолж эхэлнэ гэсэн заалтыг нэмж орууллаа.
Эрүүгийн хуулийг дагалдуулаад Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн ХАСХОМ-ыг УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгадаг байсныг АТГ шалгадаг байхаар өргөн мэдүүлэхээр болж байна" гэв.