Шинэ Зеланд ирэх жилээс тамхины хориг хэрэгжиж эхлэх гэж байна.
Тодруулбал, Мягмар гарагт Парламентаас баталсан хууль тогтоомжоор 2008 оноос хойш төрсөн хэн ч тамхи худалдан авах боломжгүй болж байна. Энэ нь жил ирэх тусам тамхи худалдан авах боломжтой хүмүүсийн тоо багасна гэсэн үг. Хуулийн төслийг танилцуулсан Эрүүл мэндийн сайд Айеша Веррал энэ хуулийн талаар "тамхигүй ирээдүй рүү чиглэсэн алхам" гэж тодорхойллоо.
Тэрээр "Мянга мянган хүн урт наслаж, эрүүл саруул амьдарч, эрүүл мэндийн систем нь тамхинаас үүдэлтэй өвчнийг эмчлэх шаардлагагүй болно" гэжээ. Шинэ Зеландад тамхины хэрэглээний түвшин хэдийнэ түүхэн доод түвшиндээ хүрсэн. Тухайлбал, 11-р сард гаргасан засгийн газрын статистик мэдээллээр насанд хүрэгчдийн ердөө 8% нь өдөр бүр тамхи татдаг нь өнгөрсөн жилийн 9.4% -иас буурсан үзүүлэлт болж байгаа юм. Харин шинэхэн тамхигүй орчны тухай хуулийн төслөөр 2025 он гэхэд энэ тоог 5 хувиас доош болгож бууруулж, эцсийн дүндээ тамхидалтыг бүрмөсөн арилгах зорилготой гэж найдаж байгаагаа эрх баригчид илэрхийлжээ.
Мөн уг хуулийн төсөл нь улсын хэмжээнд тамхи борлуулах жижиглэн худалдаалагчдын тоог 6000 байгаагаас 600 болгон хязгаарлаж, донтолтыг бууруулахын тулд бүтээгдэхүүн дэх никотины хэмжээг бууруулах зорилгод чиглэж байна.
SOURCE: BBC