1990-ээд оны нийгмийн тогтолцооны өөрчлөлтийн үед улс орны эдийн засгийн нөхцөл хүндэрч үндэсний үйлдвэрүүд үүд хаалгаа хааж, цалин пүнлүүгээ тавьж чадахгүйд хүрч байсныг түүх гэрчилнэ. Энэ цаг дор Эрдэнэт үйлдвэр л үндэсний үйлдвэрлэлээ уналтаас татан босгож, улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулсныг учир мэдэх хүмүүс ярьдаг. Сүүлийн хоёр жил дэлхий нийтэд тархсан цар тахлын дэгдэлтээс шалтгаалан улсын эдийн засгийн нөхцөл хүндэрснийг бид мэднэ. Энэ үед ард иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагын уур, ус, хог хаягдал, дулаан, цахилгааны хэрэглээний үнэ төлбөрийг Эрдэнэт үйлдвэр төлж, ачааны хүндийг нуруундаа үүрч гарлаа. Учирлаваас, Эрдэнэт хэмээх саалийн үнээний сүү арвин байгаагийн шинж. Зарим нэг хүмүүс Эрдэнэт хэмээх саалийн үнээ маань цаг зүтгэвэл онд эсэн мэнд орохгүй хэцүүдэж, эмчилгээ тэжээлийн цэгт хүргүүлэх нь дөхсөн мэтээр ярихыг сонссон. Энэ нь амьдрал дээр үнэнээс гажсан ойлголт, сайн үйлсийг сааруулсан үг болой. Харин ч саалийн үнээний идэш тэжээлийг сайн бэлтгэж, олон жил онд бүтэн оруулах боломжоор хангаад зогсохгүй үр ашгийг нь илүү их хүртэх болов. Сүү арвин сүргийнхээ хашаа хороо хэвтэр бууцыг дулаалж, идэш уушийг нь тохируулах нь зөвхөн малчин хүнээс гарах монгол ухаан. Үүн лүгээ адил уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн үр ашиг баялаг бүтээгч уурхайчдын нөр их хөдөлмөрөөс хамааралтай. Эрдэнэтийг саалийн үнээ гэж үзвэл Эрдэнэт үйлдвэр их сүүтэй мөөм хэмээн яруу найрагч Б.Лхагвасүрэн хэлсэн байдаг. Сүүтэй үнээнийхээ ашиг шимийг нэмэгдүүлсэн бүтээн байгуулалт өрнөлөө.
Тодруулбал, уурхайчид өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг 6 сая тонноор нэмэгдүүлэх Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн иж бүрэн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгөв. Өргөтгөлийн үндсэн тоног төхөөрөмжийг ажиллуулахад орчин үеийн шинэ техник, технологи үйлдвэрлэлд нэвтрүүлсэн гаднын мэргэжилтнүүд шууд холбогдож хамтран ажиллажээ. Ийнхүү, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр шугам ашиглалтад орсноор Эрдэнэт үйлдвэр жилд 200 сая ам.долларын бүтээгдэхүүн нэмж үйлдвэрлэх боломж бүрдээд байна. Эдийн засгийн нөхцөл хүндхэн байгаа өнөө үед зөвхөн Эрдэнэт үйлдвэр улсын хэмжээнд үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүллээ. Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлийн төсөл хэрэгжсэнээр жилд 6 сая тонн хүдэр нэмэлтээр боловсруулж 100 мянган тонн зэсийн баяжмал, 1100 тонн молибдены баяжмал гаргана. Мөн борлуулалтын орлогыг 600 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, шинээр ажлын байрууд бий болно. Түүнчлэн хөрөнгө оруулалтаа 2.5 жилд бүрэн нөхөх нөхцөлтэй. Энэхүү бүтээн байгуулалтын ажилд нийтдээ 136 мянган м3 уулын цул, 2368 тонн буюу 66 км төмөр зам барих металл, гурван 9 давхар байшин барих хэмжээний буюу 24 мянган м3 бетон зуурмаг орсон байна. Давхардсан тоогоор 600-700 хүн ажиллаж, 40 орчим хүнд оврын техникийн хүчин чадлаар энэ бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэжээ. Эрдэнэт үйлдвэрийн сааль арвижих нөхцөл ийн бүрдэв. Эдийн засаг хүндрэхэд Эрдэнэт үйлдвэр л улс орноо авардаг аа.