Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон үйлдвэрийн цех нэгж болон том төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаа, хэрэгжилтийн явцтай танилцаж байна. Энэ хүрээнд өнөөдөр үйлдвэрийн хэтийн хөгжил, стратеги төлөвлөлтийн чиглэл буюу Ногоон хөгжлийн төслийн нэгж, Ойн генетикийн төв болон Хаягдлын аж ахуйд очиж, мод тарих, үржүүлэх ажлын явц байдлыг үзэж сонирхлоо. Ойн генетикийн төвийнхөн Хаягдлын аж ахуйд нийт 8 км зурвас газрын 6.600 км орчимд нь хайлаасны үр, 1400 метр газарт улиасны мод мөчрөөр тариад байна. Энд мод тарьснаар салхины хүчийг сааруулж, цагаан тоосны дэгдэлт бууруулахад эерэгээр нөлөөлнө. Тэд энэ жилийн тухайд, зориулалтын 400 гаруй тоон усны сав байрлуулж усалгааг шийджээ. Ирэх жилээс усалгааны иж бүрэн төхөөрөмж сууриллуулна гэдгийг ойн төвийн мэргэжилтнүүд ярилаа.
Мөн энэ үеэр Ерөнхий инженер Т.Батмөнх Хаягдлын аж ахуйд цагаан тоосны талбайн тоос дарах ажлын явцаас танилцуулсан. Нийт 1400 га талбайг эзэлдэг Хаягдлын аж ахуйд өвөл зуны хаялтаас шалтгаалан технологийн аргаар цагаан тоос дарах ажил тасралгүй үргэлжилдэг. Одоогоор тоос дэгддэг нийт талбайн 80 хувьд нь технологийн аргууд үр дүнгээ өгч, дэгдэлт буурсан гэдгийг Ерөнхий захиралд мэдээллээ. Түүнчлэн энэ өдөр Ерөнхий захирал, Үйлдвэрлэл технологийн парктай танилцаж, төслийн мэргэжилтнүүдтэй санал солилцож, зөвлөлдсөн. Тэрээр Үйлдвэрлэл технологийн парк байгуулах бүс, байршилтай газар дээр нь танилцаж, энд баригдах үйлдвэр байгууламж, дэд бүтцийн зураг төлөвлөлттэй нарийвчлан танилцсан юм. Ерөнхий захирал Г.Ёндонг дагалдан үйлдэрийн Ерөнхий инженер Т.Батмөнх, Стратеги, хөгжлийн газрын дарга П.Энхбат болон холбогдох цех нэгжийн удирдлагууд явж, өөрсдийн хариуцсан чиглэлээр мэдээлэл өглөө.