Франц улсын АФНОР группийн олон улсын аудиторууд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т хэрэгжиж буй “Хүний нөөцийн менежментийн тогтолцоо ISO 30400” багц стандартын хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн, шалгалтаар үл тохирол илрээгүйг онцлон, дүгнэлтийг танилцууллаа. Олон улсын Тэргүүлэх аудитор А.Оленков Эрдэнэт үйлдвэрээс 32 давуу тал олж харснаа олзуурхаж, сүүлийн гурван жилийн хугацаанд “Хүний нөөцийн менежментийн тогтолцоо ISO 30400” олон улсын багц стандартыг хэрэгжүүлэхийн төлөө уурхайчин хамт олны гүйцэтгэсэн ажлыг дундаж түвшнээс хэдийн давсан хэмээн үнэллээ. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэр хүний нөөцийн стандартын баталгаажуулалтын анхны шалгалтаа 70 оноотой амжилттай хамгаалав
Олон улсын аудиторууд үндсэн болон нийгмийн цехүүдийн үйл ажиллагаанд нотлох баримтын шалгалт хийж, үйлдвэрийн дүүрэгт ажиллаж буй уурхайчидтай уулзалт ярилцлага хийх хэлбэрээр аудит хийсэн юм. Дэлхийн жишиг, Монголын бахархалт үйлдвэр байх эрхэм зорилго, алсын хараа энэ үйлдвэрийн нэгэн давуу тал гэдгийг аудиторууд дүнгийн хурлын үеэр онцолсон. Мөн мэргэжилтэй боловсон хүчин, ажиллах орчин нөхцөл, хангалтын нөөц сайтай, нийгмийн тусламж, дэмжлэг, хөнгөлөлт хүртээмжтэй зэрэг нь мөн давуу тал болж байгаа хэмээн дүгнэсэн юм.
Ийнхүү, Зууны манлай үйлдвэр төрийн байгууллагуудаа түүчээлэн, уул уурхайн салбарт “Хүний нөөцийн менежментийн тогтолцоо ISO 30400” олон улсын багц стандарт нэвтрүүлсэн анхны үйлдвэр болж түүхэндээ нэгэн шинэ хуудас нээлээ.
Олон улсын аудиторууд шалгалтын дүгнэлтээ АФНОР группэд илгээн танилцуулснаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Хүний нөөцийн менежментийн тогтолцоо ISO 30400” багц стандартын хэрэгжилтийг баталгаажуулсан олон улсын гэрчилгээгээ хүлээн авах юм.