“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажилтнуудынхаа хүүхдийн гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцах төлбөрт санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Үйлдвэрийн газрын захиргаа, ҮЭ-ийн холбоо хооронд байгуулсан Хамтын гэрээний энэхүү заалт хэрхэн хэрэгжиж буй талаар Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын мэргэжилтэн Л.Ундраагаас тодрууллаа.
-Эрдэнэт үйлдвэр ажилт-нуудынхаа хүүхдэд сургалтын төлбөрийн санхүүгийн дэмжлэгийг хэд дэх жилдээ олгож байгаа вэ?
-Энэ дэмжлэгийг Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа хүүхдэд 17 дахь жилдээ үзүүлээд явж байна. Ер нь Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаасаа эхлэн ажилтнуудынхаа нийгмийн асуудалд онцгой анхаарч ирсний нэгэн хэлбэр нь хүүхдийн сургалтын төлбөрт үзүүлдэг дэмжлэг юм. Анх 1998 оны Хамтын гэрээнд ажилтны хүүхдэд хөнгөлөлттэй үнээр мэргэжил эзэмшүүлэх талаар дурдсан байдаг. Нийгмийн дэмжлэгийн сангаар дамжуулан олгогдож байсан энэ дэмжлэг 2005 оноос эхлэн Хамтын гэрээний нэг заалт болон хэрэгжих болсон. Эрдэнэт үйлдвэрийн захиргаа болон ҮЭ-ийн байгууллага хооронд байгуулсан Хамтын гэрээний 7.1 дэх заалтын дагуу үйлдвэрийн газарт тав ба түүнээс дээш жил тасралтгүй ажиллаж байгаа ажилтнууд болон ахмад настан, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэдийн нэг хүүхдийн их, дээд сургуульд суралцах төлбөрт 2-р курсээс эхлэн бакалаврын зэрэг эзэмших хүртэл үйлдвэрийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Хэрэв эцэг, эх нь хоёулаа Эрдэнэт үйлдвэрт ажилладаг бол хоёр хүүхдэд сургалтын төлбөрийн дэмжлэг олгож байгаа.
-Гадаад, дотоодын их, дээд сургуулийн төлбөр харилцан адилгүй. Тэгэхээр санхүүгийн дэмжлэгийн хэмжээнд ялгаа бий юу?
-Ялгаатай. Дотоодын их, дээд сургуульд суралцдаг бол жилд 500 мянган төгрөг, гадаадын их, дээд сургуульд суралцдаг бол 700 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлдэг. Дэмжлэгийн хэмжээ 2014 оноос хойш өөрчлөгдөөгүй. Манай газрын зүгээс их, дээд сургуулиудын төлбөр нэмэгдсэн, холбогдох журам шинэчлэгдэхтэй холбогдуулан энэхүү дэмжлэгийн хэмжээг өсгөх саналыг удирдлагуудад удаа дараа тавьсан. Шийдвэрлэх түвшинд судалж байгаа. Өмнө нь энэ дэмжлэгийг ажилтны зөвхөн нэг хүүхдэд олгохоор заасан байсан. Харин Нийгмийн харилцааны хэлтэс байгуулагдсанаар эцэг, эх нь хоёулаа Эрдэнэт үйлдвэрт ажилладаг бол тухайн гэр бүлийн хоёр хүүхдэд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр санал оруулж шийдвэрлүүлсэн.
-Энэ жил хэчнээн хүүхдэд, хэдэн төгрөгийн дэмжлэг үзүүлсэн бэ?
-Манайх ажилтны хүүхдийн сургалтын төлбөрийн санхүүгийн дэмжлэгийг 2020 оноос эхлэн хариуцан ажиллаж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас нийт ажилтнуудад олгодог тусламж, дэмжлэг, хөнгөлөлтийн багц журмын 4-р хэсэгт тусгагдсаны дагуу материалуудыг хүлээн авч, дэмжлэг олгодог. Энэ жилийн тухайд 316 хүүхдэд 167 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр байна.
-Цар тахлаас үүдсэн нөхцөл байдалтай холбоотой гадаадад суралцах оюутны тоо энэ жил буурсан уу?
-Төлөвлөснөөс бага байна. Энэ жил Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын 45 хүүхэд гадаадад суралцах төлбөрийн дэмжлэг авахаар материалаа ирүүлсэн. Манайхаар дамжуулж олгодог энэ дэмжлэгийг хүмүүс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтан оюутны тэтгэлэгт сургалтын журмаар олгодог дэмжлэгтэй андуурах тохиолдол гардаг. Хамтын гэрээний 7.1 заалтын дагуу Эрдэнэт үйлдвэрээс ажилтнууддаа олгодог тусламж, дэмжлэг, хөнгөлөлтийн журмын хүрээнд хүүхдэд олгодог сургалтын төлбөрийн санхүүгийн дэмжлэг гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй.
-Магистраар суралцах тохиолдолд санхүүгийн дэмжлэг олгогдохгүй юу?
-Хамтын гэрээнд бакалаврын зэрэг эзэмших хүртэл, гэж тодорхой заасан. Эрдэнэт үйлдвэрт шаардлагатай ажил, мэргэжлийн жагсаалтыг үндэслээд ажилтан оюутны тэтгэлгийн журмаар магистрын болон докторын сургалтад хамрагдах боломжтой шүү дээ. Энэ асуудлыг Хүний нөөц, захиргааны хэлтэс хариуцан ажилладаг.
-Сургалтын төлбөрийн дэмжлэг авахыг хүссэн ажилтнууд ямар материал бүрдүүлдэг вэ?
-Эрдэнэт үйлдвэрийн ажилтны өргөдөл, сургуулийн захиргааны тодорхойлолт, өмнөх жилийн сурлагын голч дүнгийн мэдээлэл, сургалтын төлбөрийн баримт эсвэл нэхэмжлэх бүрдүүлэх шаардлагатай.
-Материал бүрдүүлэх хүмүүст юу анхааруулах вэ?
-Бид ажилчдын их, дээд сургуульд сурдаг хүүхдэд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх ажил эхэллээ гэдэг мэдээллийг үйлдвэрийн газрын бүтцийн нэгжийн хүний нөөцийн мэргэжилтнүүдээр дамжуулан ажилчдад хүргэдэг. Бүрдүүлэх материалын жагсаалтыг ч мөн адил. Зарим хүмүүс өнгөрсөн оны сургалтын төлбөрийн баримт ирүүлэх зэргээр ажилд хүндрэл учруулах тохиолдол гардаг. Түүнээс гадна Хамтын гэрээнд ажилтны нэг хүүхдэд бакалаврын зэрэг эзэмших хүртэл хугацаанд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж заасан. Тэгэхэд нэг сургуулиа төгсөөд, дараагийн хоёр дахь мэргэжлээ эзэмшихээр дахин бакалавраар сурах тохиолдолд “Манай хүүхэд сургалтын төлбөрийн дэмжлэг авах ёстой” гэдэг байдлаар ханддаг. Энэ буруу. Журамд заагдаагүй. Хамтын гэрээнд ч тусгагдаагүй. Тэгэхээр ажилтнууд маань ийм асуудалд санаатай болон санамсаргүй байдлаар хүндрэл учруулахгүй байхыг хүсье. Зарим ажилчид ээлжийн амралттай байлаа, ар гэрт гачигдал зовлон тохиолоо гээд материалаа хожимдуулдаг. Үнэхээр хүндэтгэх шалтгаантай тохиолдолд бид аль болох удирдлагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр дэмжлэгийг шийдвэрлэхийг хичээн ажилладаг.
-Ярилцсанд баярлалаа.